Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын чиглэлээр авах арга хэмжээний талаар гаргасан шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Тэрээр “Манай улс энэ жил улсын хэмжээнд 368.4 мянган га талбайд улаанбуудай, 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянган га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал тарьсан. Нийтдээ 570.8 га талбайд тариалалт хийсэн гэсэн үг. Наймдугар сарын 20 гэхэд ургацын урьдчилсан бланс гарна. Хаврын тариалалтын үед дизель түлшний литр тутмын үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувиар өсөөд байна. Хаврын тариалалт болон намрын ургац хураалтын ажилд 20-25 мянган тонн дизель түлш хэрэг болдог. Ургац хураалтын ажлын үед шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлэх шийдвэрийг гаргалаа. Үүний санхүүжилт 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана” гэлээ.