Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: ЭЕШ-ыг ирэх сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг товлож, зарлалаа.

Тодруулбал элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахаар тогтсон гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрээр “Энэ онд ЭЕШ өгөх 40.000 гаруй хүүхдийн 38.200 нь 17-18 насныхан буюу наймдугаар сарын 19-н гэхэд бүрэн тундаа хамрагдсан байх тооцоололтой байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд бүрэн тундаа хамрагдсан байх тул эрсдэл багатай гэж үзэж байгаа юм.
Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах тогтолцоонд шилжих шаардлага бий. Эцэг эхчүүдээс ЭЕШ-ыг цуцалж, шууд дүнгээр нь тооцон их, дээд сургуульд элсүүлэх санал их ирүүлсэн. Гэвч энэ жил улсын шалгалтыг цуцалсан тул өмнөх дүн, шалгалтаар нь дүйцүүлэх боломж байгаагүй” гэлээ.

Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40.420 шалгуулагч өгнө. Шалгуулагчдыг насны бүтцээр нь авч үзвэл:
13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан
25,082 нь 18 настнууд
1,675 нь 15-17 насныхан юм.
Сонирхуулахад, Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдаас хамгийн ахмад нь 58 настай хүн байгаа юм. Мөн их, дээд сургуульд элсэх босго оноог 480 байхаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *