Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний хоёр анги спорт цогцолбортой боллоо

Дэлхийн тавцанаа эх орныхоо нэрийг улам эерэгээр таниулж яваа энхийг
сахиулагч залуусыг бэлтгэх Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв буюу
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн спорт цогцолбор ашиглалтад орлоо.

Спорт цогцолборыг найман сарын хугацаанд барьж байгуулсан бөгөөд нийт
төсөвт өртөг нь 1.6 тэрбум төгрөг юм байна. Төсвөө батлан хамгаалах
салбар өөрсдийн хөрөнгөөр гаргасан аж. Энэхүү спорт цогцолбор ашиглалтад
орсноор энхийг сахиулагч залуус бэлэн байдлаа хангах, бие бялдараа
хөгжүүлэх боломж нь илүү нээгдэж байгаа юм. Батлан хамгаалах салбар
дахь шинэ бүтээн байгуулалт үүгээр зогсохгүй. Зэвсэгт хүчний 120 дугаар
ангийнхан Соёл спортын ордонтой болсон сайхан мэдээ байна. Өнгөрсөн оны
арванхоёрдугаар сард Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ ангид
ажиллахдаа Соёл спортын ордонг нь барьж өгөхөөр тогтсон нь ийн ажил
хэрэг болов. Хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит энэ ангид нийслэлийн
есөн дүүрэг болоод аймаг бүрээс ирсэн залуус хугацаат цэргийн алба хааж
байна. Тэд чөлөөт цагаараа соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж,
биеийн тамираар хичээллэхэд боломж нь үүнээс хойш нээлттэй болжээ.
Эдгээр цогцолбор барилгуудыг батлан хамгаалах салбарынхан өөрсдөө буюу
Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, Барилгын цэргийн ангийнхан барьж
гүйцэтгэсэн бөгөөд туслах гүйцэтгэгчээр “Нарта” компанийнхан ажиллажээ.

Спорт цогцолборууд хоёр өдөр дараалан нээгдсэн бөгөөд арга хэмжээнд
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал
Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал
З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт
хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал
Р.Сүхбат, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын
генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын
дарга, хурандаа Г.Сайханбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
дарга, хурандаа П.Жаргалан нарын удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр “Алба хаагчдынхаа бие бялдараа
хөгжүүлэх боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийн тулд салбарын удирдлагууд
нь хичээн ажиллаж байна. Үүний нэгээхэн хэсэг нь энэ хоёр барилга юм.
Цаашдаа цөөнгүй спорт цогцолборууд, орон сууц ашиглалтад өгөхөөр
ажиллаж байна. Дэлхий нийтээрээ Монгол цэргийн ур чадвар, хатуужил, эр
зоригийг бишрэн хүндэтгэж байгаа үед батлан хамгаалах салбарын
удирдлага бидний зүгээс тэднийхээ нийгмийн хамгаалалд нь түлхүү
анхаарч ажиллаж байна” гэсэн юм гэж Батлан хамгаалах яамын хэвлэлийн албаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *