“Өдрийн сонин”-ы 2017.08.22-ны мягмар гаригийн №178 (5745) дугаараас авч нийтлэв.
Зэсийн үнэ 6000 ам.доллар давсан өдрүүд үргэлжилж байна. Трампын дэд бүтцээ дэмжсэн бодлого болон урд хөршийн эрэлтээс шалтгаалсан үнийн өсөлт он дуустал эрчээ алдахгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Аж үйлдвэрийн чухал эрдэс болох зэсийн ханш өнгөрсөн оны наймдугаар сард тонн нь 4740 ам.доллар байсан бол өдгөө 6000 ам.доллар даваад байгаа билээ. “Focus Economics” зэсийн ханшийг энэ оны эцэс гэхэд тонн нь 5168 ам.долларт хүрч нэмэгдэнэ гэж төсөөлж байсан бол даруй 1000 ам.доллараар нэмэгдэх нь бараг л тодорхой болчихлоо. Манай улсын хувьд Оюутолгой, Эрдэнэт зэсийн баяжмалын нийлүүлэлт хийж буй. Оюу толгойн үйлдвэрлэлийн тухайд 2017 оны хоёрдугаар улиралд олборлосон хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулбал 3.5 хувиар өссөн юм.
Төлөвлөгөөт засвар үйлчилгээний зогсолт гарсан ч хоёрдугаар улирлын зэс алтны үйлдвэрлэл нэгдүгээр улирлынхтай ижил түвшинд байсан давуу тал бий. Хоёрдугаар улирлын зэсийн борлуулалт өмнөх улирлынхтай харьцуулбал 5.6 хувиар буурсан нь тухайн улиралд баяжмалын хэмжээ бага байсантай холбоотой гэсэн тайлбарыг компанийн зүгээс өгсөн билээ. Туркойз Хилл “Оюу толгой”-г өнөө жил 130.000-160.000 тонн баяжмал дахь зэс, 100.000-140.000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байгаа. Түрүү жил энэ оны төсвийг хэлэлцэх үеэр холбогдох албаныхан “австралийн аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны газраас нийтэлсэн хэвлэлд 2017 онд дэлхийн нийт цэвэр зэсийн үйлдвэрлэл 24 сая тонн, хэрэглээ 23.8 сая тонн байна гэж төсөөлсөн байна. Эндээс харахад ирэх онд цэвэр зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ хэрэглээнээс давж, илүүдэл үүсэхээр байгаа юм.
Түүнчлэн, Олон улсын зэс судлалын төвөөс хийсэн судалгаанаас харахад 2017 онд дэлхийн нийт цэвэр зэсийн хэрэглээ, үйлдвэрлэл 23.4 сая тоннд хүрч, зэсийн нийлүүлэлт, хэрэглээнээс ялимгүй их байх төсөөллийг гаргажээ.
Эдгээр таамаглалаас харахад ирэх онд зэсийн үнэ буурах эрсдэл тодорхой түвшинд байна. Хэрэв дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс 100 ам.доллараар буурвал төсвийн орлого 3.9 тэрбум төгрөгөөр, зэсийн баяжмалын экспорт 50 мянган тонноор буурвал төсвийн орлого 6.6 тэрбум төгрөгөөр буурах эрсдэлтэй байна” гэсэн таамаглалыг хийж байсан юм. Тэгэхээр өнөө жилийн төсөвт зэсээс олно гэж төсөвлөсөн мөнгө ахиу хэмжээгээр орж ирэх нь тодорхой болж байна.
Алтны хувьд ч гэгээлэг мэдээ хөвөрч байна. “Ройтерс” өчигдрийн мэдээндээ “Ам.долларын ханш суларсан нь алтны ханшид эерэгээр нөлөөлсөн” гэж онцолжээ. Алтны тухайд өчигдөр спот ханш нь 0.3 хувиар өсч унци нь 1288.39-д хүрсэн юм. Алт нь худалдааны баталгаат хэрэгсэл гэж тооцогддог. Эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байна. Шинжээчдийн таамгаар алтны ханш ирэх оны зургадугаар сар гэхэд унци нь 2300 ам.доллар хүрч нэмэгдэх төлөв анзаарагдаж байгаа юм. Алтны ханш өнгөрсөн онд өндөр байсан ч өнөө жил илүү чангарна гэсэн хүлээлт бий. Дэлхий даяар нийтдээ 2800 тонн алт олборлодог гэсэн таамаг тооцоо дуулддаг. Гэтэл эрэлт нь харьцангуй өндөр буюу 3100 тонн хавьцаа яригддаг. Эрэлт өндөр байх тусам үнэ өсдөг зүй тогтлыг харсан ч тэр алтны ханш ирэх өдрүүдэд өөдрөг байх зураг харагдаж байна. Алтны эрэлт, нийлүүлэлтээсээ өндөр байгаа энэ үед үнэ огцом унах үндэслэл байхгүй. Ингээд бодохоор алтны үнэ огцом унах эрсдэл байхгүй гэсэн үг.
Германы “Incrementum AG” үнэлгээний байгууллагаас алтны үнийг урт хугацаандаа унци нь 2300 ам.долларт хүрэх таамгийг гаргаад байгаа. Олон улс бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого баримталж буй нь алтны үнийг өсгөх шалтгаан болж буй гэсэн тайлбарыг тус байгууллагаас өгч буй. Дэлхийн банкны шинжээчдийн таамгаар алтны ханш ирэх оны зургадугаар сар гэхэд унци нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Алтны ханш өнгөрсөн онд өндөр байсан ч энэ онд илүү чангарна гэх таамгийг хэд хэдэн байгууллагаас гаргаад байгааг дахин онцолъё. БНХАУ өнгөрсөн жил 984.5, Энэтхэг 848.9, АНУ 192.8, ХБНГУ 123.8 тонн алт хэрэглэсэн гэх статистик бий. Эдгээр улсууд нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримтлах нь тодорхой байгаа. Европчууд XIX зууны үед “Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төвбанкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлсэн байдаг. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай металл юм.
Ц.БИЛИГ