Өнгөрсөн мягмар гаригт Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 4600 ам.доллар болж буурав. Харин манай ирэх жилийн төсөвт нэг тонн зэсийг 5800 ам.долларын үнэ хүрнэ гэж тооцож суулгасан. Сар гаруйхан хугацааны дараа нэг тонн зэс 1200 ам.доллараар өсөхгүй бол манай төсөв хүндэрч эхэлнэ. Манай УИХ 2014 онд 2015 оны төсвийг батлахдаа нэг тонн зэс 6900 ам.доллараар борлогдоно гэж тооцсон байдаг. Харин тухайн үеийн шинжээчдийн таамаг 6500 ам.доллар байсан. Энэ таамаг батлагдаж 2015 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар нэг тонн зэс 6305 ам доллараар борлогдож байв. Цагтаа тонн зэс 9000 гаруй ам.долларт хүрч биднийг тансаглуулж байсан түүх бий.
Арав хүрэхгүй жилийн дотор хоёр дахин унасан зэсийн үнэ манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт гарна. Энэ жил Эрдэнэт үйлдвэр 32 сая тонн хүдэр боловсруулж 600 орчим мянган тонн зэсийн баяжмал борлуулна. Харин Оюу толгой жилд 20 сая тонн хүдэр боловсруулж 500 орчим мянган тонн баяжмал борлуулна. Эндээс харвал зэсийн үнэ хоёр дахин буурсан ч манай олборлолт хоёр дахин нэмэгдэнэ. Дэлхий дээр арав шахам мянган том жижиг зэсийн хүдэр олборлодог уурхай байдаг. Манай улсын Эрдэнэт, Оюу толгойн ордууд эхний аравт жагсдаг. Тонн зэсийн үнэ арван мянган ам.доллар дөхөж байхад зэсийн хүдрийн олборлолт эрс нэмэгдсэнээр Шанхай, Лондон, Торонтогийн биржүүд дээр багагүй нөөц бий болсон. Шинжээчдийн таамгаар зэсийн үнэ 2017 он хүртэл өсөх төлөвгүй боловч хэрэглээ их хэмжээгээр буурахгүй. Үнийн бууралт нь тухайн том компаниудын хувьд ашиггүй боловч зах зээлийн багагүй хувийг эзэлдэг жижиг уурхайнуудыг устгана. Нэг талаараа том уурхайнуудын борлуулат буурахгүй гэсэн үг юм.
Нөгөө талаараа эрдэмтдийн үзэж буйгаар өнөө маргаашдаа зэсийг орлоод салбарыг унагачих технологи гарч ирэхгүй. Зэсэн бүтээгдэхүүний хэрэглээ ойрын таван жилд өмнөд хөршид 10-15 хувиар нэмэгдэх тооцоо бий. Монгол зэс нь дэлхийн хамгийн том зах зээлд хамгийн ойрхон байрлалтай. Энэ байдлыг Эрдэнэт, Оюу толгой компаниуд чадмаг ашиглаж дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна.
Нефтийн үнэ буурсан нь дэлхийн нефтиэс хараат орнуудад маш их ашиг авчирсан судалгаа байна. Зэсийн үнэ буурсан нь манайд зэс боловсруулах үйлдвэр байгуулах таатай нөхцөл бүрдүүлнэ. Манайд 17 жилийн турш цэвэр зэс үйлдвэрлэж байгаа “Эрдмин” нэртэй үйлдвэр жилд 3000 тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна. Мөн үйлдвэр нь ашиглалтад ороод удаагүй байгаа “Ачит ихт” компани жилд арван мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Түүхий эдийн үнэ буухад боловсруулах үйлдвэр байгуулах таатай нөхцөл бүрдэнэ. Дээрх хүчин чадалтай арван үйлдвэр байгуулахад л Эрдэнэт, Оюу толгойн ордоос олох ашиг арав дахин нэмэгдэнэ. Зэсийн бүтээгдэхүүн (цахилгаан дамжуулах утас, цахилгаан хөдөлгүүр) үйлдвэрлэж чадвал дэлхийн хаана ч хангалттай борлогдоно. Монголчуудад таатай нэгэн мэдээ бол удахгүй Парист болох дэлхийн ногоон чуулган. Тус чуулганаар хүлэмжийн хийг их хэмжээгээр бууруулах төлөвлөгөө боловсруулна. Энэ хүрээнд цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дорвитой арга хэмжээ авна гэсэн мэдээлэл байна. Энэ салбаруудын үндсэн түүхий эд нь зэс. Хүн төрөлхтний түүхэнд байхгүй их хэмжээний ам.доллар нөөцөлсөн өмнөд хөрш маань ногоон бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэн оролцохоо мэдэгдэж байна. “Бид зэсийн үнийг хэт өндрөөр төсөөлж, эсвэл үнэ унасанд гутарч суухаар ирээдүйн ашигтай нөхцөлийг тооцож үйлдвэрлэлээ зохион байгуулах хэрэгтэй” гэж эдийн засагч зөвлөж байна
Дотоод 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ачит ихт” компанийн ашиглаж буй “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус овоолго нь 65 сая тонн хүдэр, 180 мянган тонн зэсийн агуулгатай бөгөөд одоогийн хүчин чадлаараа арав гаруй жил ажиллах боломжтой. Өнгөрсөн хугацаанд дотоодын аж ахуйн нэгжүүдээс 20 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, улсын төсөвт 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Орон нутгийн төсөвт зөвхөн 2013 онд 103 сая төгрөг оруулж, 200 гаруй хүнийг байнгын ажлын байртай болгожээ. Жилд 50 тонн зэс боловсруулсан тохиолдолд зэсэн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах нөхцөл бүрдэнэ. Зэсийн үнэ буурсан ч зэсэн бүтээгдэхүүний үнэ буураагүй байгаа нь монголчуудад ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлж байна. Тиймээс зэсийн үнэ уначихлаа гэж дагжиж суухаар хямд түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулж чадвал баяжмал зарснаас хавьгүй өндөр ашиг олох боломжтой гэнэ.
Х.Баттөгс