Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдын эд эрхтэн наймаалагчдыг илрүүлжээ

Өнгөрсөн сарын 24-нд манай улсын иргэн Б,Г,Ц тэргүүтэй 10-аад залуу соргог бөхөнгийн 162 эвэр аван Баянгол дүүргийн нутагт явж байхад нь байгаль хамгаалагчид саатуулсан байна. Соргог бөхөн нь олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, Төв Азийн хэмжээнд “устаж байгаа” гэсэн ангилалд багтаж, “Улаан ном”-д орсон аж. Нэн ховорт тооцогдсон соргог бөхөнгийн 162 эвэр гэдэг нь 81 толгой гэсэн үг.
Харин манай улсын иргэд ОХУ-аас хууль бусаар хил давуулан оруулж ирж, өмнөд хөршийнхөнд худалдан борлуулах гэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа талаар Дүүргийн II прокурорын газрын эх сурвалж бидэнд мэдээлэв. Үүнээс үзэхэд Казахстан, ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг дамжсан хулгайн анчид, эд эрхтний наймаа хийдэг томоохон сүлжээ байгаа бололтой. Дээрх хүмүүст Ан агнуурын тухай хууль тогтоомж, зөрчсөн, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203, 175 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй гэнэ.
Хэрэв дээрх сэжигтнүүдийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 162 сая төгрөгийг гурав нугалж төлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгд үүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юмуу, 3-5 жил хорих ял ногдуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *