Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зэрэглээ барьцаалсан зээл өгсөөр байх уу

Манай улсад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд Монголыг модоо барьсан гуйлгачин мэт харагдуулах гэж хэсэг хүмүүс их юм болсон. Сонгуульд ялсныхаа маргаашаас эхлээд л энэ Засгийн эрх баригчид монголынхоо муу муухайг дуудсандаа. Өнгөрсөн дөрвөн жилд болж бүтсэн ажил нэг ч алга, бид өрөндөө баригдаж өтөндөө идэгдсэн улс орон болжээ хэмээн нийгмийн сэтгэл зүйд ойлгуулсан, авдрандаа атга ч валютгүй ард түмэн болжээ хэмээн гадаад ертөнцөд зарласан. Тэгвэл монголоо доромжилсны гор нь гарч энэ Засгийн газар унах нь бололтой. Муу ам хэрээс хэтрэхээр юу болж хувирдаг нь энэ л дээ.

ОУВС-гийн зүгээс манайд тавьсан олон нөхцөл, шаардлагууд бий. Тэр дотор банкны системийг эрүүлжүүлэх, Монголбанкны хяналт шалгалтыг боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлэх гэж бий. Үүний хүрээнд манай улсын 14 арилжааны банкинд үнэлгээ хийнэ гэсэн. Хөндлөнгийн актив үнэлгээний мэргэжилтнүүд арилжааны банкууд дээр ажиллаж ирэх аравдугаар сарын сүүлээр дүнг нь гаргах тухай албан ёсоор мэдээлсэн. Энэ шалгалтын хүрээнд зээлийн барьцаанд чухам юуг авч болох, юуг зээлийн барьцаанд авч болохгүйг заасан. Үүнд мал, уул уурхайн лиценз хоёрыг банкинд барьцаалж зээл олгох нь зөв эсэхийг тогтооно. Үүнийг арилжааны банкууд маш их эсэргүүцэж байна. Одоо бүр ОУВС-г элдвээр хэлдэг боллоо. Тэгвэл энэ гаригийн эдийн засгийн нэгдсэн онолоор бол ийм төрлийн зээлийн барьцаа нь үнэхээр найдваргүйд тооцогддогийг бодож үзэх хэрэгтэй. Бодит эдийн засаг буюу зах зээлийн эдийн засаг нь дэлхийд нэг л онолоор, нэг л хэлбэр агуулгаар оршин байдаг. Монголын эдийн засаг, дэлхийн эдийн засаг гэсэн хоёр тусдаа зүйл байхгүй. Дэлхийн эдийн засаг бүхлээрээ нэг л том коридорт өрнөж байдгийг хэн маань ч ойлгох цаг нь болсон. Дэлхийн банк санхүүгийн салбарт энэ хоёр төрлийн барьцааг найдваргүйд хамааруулдаг юм байна. Монгол Улс ганцаар сөрж болохгүй шүү дээ. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг бид дотооддоо янз бүрээр хэлж байгаа ч энэ хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн санхүүгийн байгууллагууд манайд нааштайгаар хандаж эхэлсэн. Дэлхийн аль ч банк, санхүүгийн байгууллага манайд зээл хөтөлбөр хэрэгжүүлэх итгэлтэй болсон гэсэн үг. Ийм эерэг салхи эргэж байхад бид монголын онцлог гэсэн зүйлийг ярьж, банкинд малаа, хайгуулын лицензээ тавина гэж зүтгэх нь өөрсдийгөө тэнэг харагдуулах бас нэг шалтгаан болно.

Жишээ нь банкны барьцаанд байгаа мал нэг л шуурганаар уруудаж, өлдөж, хөлдөж үхнэ. Үүнийг бид сайн мэднэ. Намар нь 50 үхрээ банкны барьцаанд тавьж зээл авсан малчин айл хавар нь хотноосоо таван үхэр л гаргаж буй жишээ олон. Өвлийн зуданд бусдыг нь үрэгдүүлсэн хэрэг. Зээл өгсөн банк тэр малчнаас юу авах вэ, барьцаа нь үхчихсэн. 2016 оны тавдугаар сар буюу хагас жилийн байдлаар арилжааны банкууд 30 000 малчинд 109 тэрбум төгрөгийн малчны зээл олгосон албан мэдээлэл байна. Энэ тоо өнөөдөр мэдээж өссөн. Энэ жил нийт нутгийн 80 хувьд ган гачиг боллоо. Хүйтний ам наашлахтай зэрэгцээд хүйтэн бороо долоо хоног тасралтгүй орлоо. Хангайдаа цас орлоо. Энэ хэвээр бол газар эрт хөлдөнө. Хөлдүү газар тарга тэвээрэггүй хэдэн сая мал өвөл хаврыг давах уу. Итгэл байна уу, хадлан хадах гээд ч газар олдохгүй байна шүү дээ. Энэ жилийн өнгийг харахад мал аж ахуйн салбарт олгогдсон зээлийн барьцаа найдваргүй байна.

Уул уурхай, эрдэс баялгийн лиценз олон улсад бүр найдваргүйн найдваргүй зээлийн барьцаанд тооцогддог байна. Хайгуул хийнэ гэдэг энэ дэлхийн хамгийн өртөг зардал ихтэй ажил. Маш их процесс явагдана. Асар өргөн нутаг дэвсгэрийг хамарсан геологийн судалгаа хийгдэж, эрдэсжилтийн зураглал хийж, магадлал өндөртэй талбайнуудыг тогтоодог. Үүнд соронзон долгионы тусламжтайгаар томоохон газрыг хамруулсан геофизик тандалт судалгааг түлхүү ашигладаг болсон. Хайгуул хийх талбайгаа тодорхойлсны дараа газар хөдлөлтийн судалгаа, хөрснөөс дээж авах, өрөмдлөг хийх зэрэг хээрийн нарийвчилсан судалгааг хийнэ. Хайгуулын аргаас хамааран өнгөн хөрс хуулах, эсхүл тухайн талбайд хөдөө аж ахуйн ашиглалтыг зогсоох зэрэг арга хэмжээг наад зах нь авах болдог. Ингэж их зардал гаргаж, ингэж их ажил болсны эцэст 100 хувь эрсдэл хүлээх тохиолдол дийлэнхдээ гардаг нь дэлхийн практик юм. Зарим нэг статистик мэдээллээс харахад дунджаар 5000 болон 10 000 эхлэлийн хайгуулын ажлын нэг нь л амжилт олж, олборлолтын шатанд хүрсэн байдаг.

Өөрсөндөө ойр Оюу толгойгоор жишээ авъя л даа. Оюутолгойн орчимд асар их хэмжээний зардал гаргаж хайгуул хийсний дараа 162 өрөм тавьж юу ч олдохгүй, эцэстээ цөхөрсөн байдаг. Итгэл найдвар тун бага үлдсэн мөчид 163 дахь өрөмдлөгөө хийсэн нь амжилттай болж монголын говьд зэсийн арвин нөөц илрүүлсэн шүү дээ. 162 дахь өрөмдлөгөө хийгээд буцсан бол тэр компани дампуурна. Тэр компанид лицензийг нь барьцаалж хэдэн тэрбум, хэдэн зуун саяын зээл олгосон банк санхүүгийн байгууллагууд дагаад нурна. Ийм л аймаар эрсдэл дагуулдаг учраас дэлхийн банк санхүүгийн систем өөрөө лицензийг зээлийн барьцаанд авахаас дийлэнхдээ татгалздаг байна. Эндээс харахад нэг өдрийн цасан шуурганаар үхдэг мал, нэг тэрбумыг зараад хоосон хоцордог цаас хоёр нь зүгээр л говийн зэрэглээ юм.

Үүнийг манай арилжааны банкууд мэдсээр байж яагаад барьцаанд авна гэж зүтгээд байгаа юм бэ. Яагаад дэлхийн эдийн засгийн гольдролоос зөрж давхиад байгаа юм бэ. Энэ нь нэг талаас тодорхой юм. Хэдхэн хүн банк байгуулан, банкир болон тоглож, мөнгө угаадаг тогтолцоогоо эвдэхгүй гэснийх. Дэлхийн хаана ч жилийн 24 хувийн хүүтэй зээл олгодог манайх шиг газар байхгүй. Тийм болохоор ОУВС зөв арга хэмжээ авч байна гэж харж байгаа. Үр дүнд нь банкаар тоглож буй хэдэн хүний үйлдэл хумигдана, зээлийн хүү буурна гэсэн хүлээлт ард түмэнд байна. Эдийн засаг бодит байх ёстой. Хэдий болтол зэрэглээ барьцаалж зээл өгөх юм бэ. Зэрэглээ барьцаалдагаа монголын онцлог гэж ярих хэрэггүй. Энэ чинь дэлхийн бодит эдийн засгийн хэм хэмжээнээс гажсан, зах зээлийн нийгэм дэх хүмүүн бус амьдрал юм шүү. Зэрэглээ, солонго хоёрыг барьж авах гээд гүйдэг балчир хүүхэд шиг бодит эдийн засагт хандаж өөрсдийгөө хуурмааргүй байна.

Б.НЯМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *