Categories
гадаад мэдээ

Зеленский: ОХУ цэргээ бүрэн татсан нөхцөлд энхийн гэрээ байгуулах боломжтой DNN.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ 2 дугаар сарын 24-нд Украины нутагт орохоос өмнөх байршилдаа цэргээ эргүүлэн татсан нөхцөлд энхийн гэрээ байгуулах боломжтой гэж Москвад шинэ нөхцөл тавьжээ. Оростой энхийн гэрээ байгуулах эсэх нь Орос Украины газар нутгийг бүрэн орхиж гарахаас хамаарна гэж Киев байр сууриа шинэчлэлээ. Оросын арми 5 дугаар сарын 9-нөөс өмнө Украины зүүн өмнөд бүсийн Мариуполь хотыг бүхэлд нь хяналтдаа авахаар давшиж байна гэж Аль Жазира болон бусад олон улсын хэвлэлд мэдээлж байна.

Оросын армийн бүслэлтэд байгаа Мариуполь хотын гангийн үйлдвэрт Украины цэргүүд энгийн иргэдийн хамт байсаар байна. Мариуполь хотыг бүрэн эзлэвэл Оросын хувьд хоёр сар гаруйн хугацаанд хийж байгаа цэрэг дайны ажиллагаандаа том амжилт олохын зэрэгцээ 5 дугаар сарын 9-нд ялалтын баяраа тэмдэглэхэд нь Путинд баярын бэлэгтэй адил зүйл болно гэж Аль Жазирагийн мэдээнд онцолжээ. Энэ үеэр Зеленский Германы канцлер Олаф Шольцийг 5 дугаар сарын 9-нд Киевт айлчлахыг урьсан байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсан ялалтын баярын өдөр буюу 5 дугаар сарын 9-ний өдөр Германы удирдагч Украинд байна гэдэг өөрөө асар их зүйлийг өгүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.

Өмнө нь Германы эрх баригчид Москвад 9-нд болдог баярын үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. Энэ жил Оросын төр ялалтын баярт гаднын ямар ч улсын төр засгийн тэргүүнийг уриагүй гэдгээ саяхан мэдэгдсэн. Герман улс Украины цэрэг дайны байдалд Оростой харилцаагаа муутгахгүй байхыг эрмэлзэж байгаа нь Киев, Берлиний харилцаанд томоохон сорилт болж байгаа.

Германы эрх баригчид саяхныг хүртэл Украинд зэвсэг илгээхээс татгалзаж, Оросын эсрэг Европын холбооны эрчим хүчний импортын хоригт нэгдэхээс цааргалсаар байгаа юм. Украины ерөнхийлөгч Германы энэ байр суурийг шүүмжилсээр ирсэн. Энэ хооронд АНУ Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа 150 сая доллараар нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Байдены шинээр илгээхээр төлөвлөсөн 150 сая ам.долларын тусламжид их бууны сум, сөрөх их бууны радар, саармагжуулах цахилгаан төхөөрөмж, бусад сэлбэг хэрэгсэл багтжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Украинд үзүүлж байгаа энэ тусламжийн санхүүжилт дуусаж байгаа учраас нэмэлт санхүүжилт олгохыг Конгрессдоо уриалж байна. АНУ мөн Украинд тагнуулын мэдээллээ өгч байгааг BBC-гийн мэдээнд онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *