Украины нийслэл Киевээс баруун-хойд зүгт ойролцоогоор 25 километрийн зайд орших жижигхэн хот Бучагийн аймшигт дүр зургийн талаар Дэлхийн хэвлэлүүд бичиж байна.
35 мянга гаруй хүн амтай энэ жижигхэн хотыг өнгөрсөн 2 дугаар сарын 27-нд Оросын цэрэг эзэлж, хяналтдаа авчээ. Харин 3 дугаар сарын 31-нд Оросын цэрэг тус хотыг орхин гарсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Буча хотноо очиж, ард иргэдтэй уулзаж, болсон явдлыг нүдээр харжээ.
“Тэдний энд юу хийснийг хараад юм ярихад ч хэцүү байна. Энэ бол цэргийн гэмт хэрэг. Олон жирийн иргэнийг хоморголон хөнөөсөн гэж үзэх болно. Хүчиндүүлсэн эмэгтэйчүүд, гар хөлийг нь тайрч тамлан хөнөөсөн иргэд, хүүхдүүдийн үхлийн талаар би ярьж байна. Зооринд поошиг дотроос тамлуулж, боомилуулж үхсэн хүмүүсийн цогцсууд гарсан” хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.
Буча хотын сүмийн хойно 57 жирийн иргэнийг хөнөөж, булсныг олж илрүүлсэн байна. Украины талаас хэвлэлүүдэд албан ёсны мэдээллээр бол Буча хотын 410 жирийн иргэнийг Орос цэргүүд хөнөөсөн гэнэ. Украины Гадаад хэргийн сайд энэ аймшигт явдлын дараагаар “Тэд Исламын Бүгд Найрамдах улсын алуурчдаас ч долоон дор юм” гэж Оросын цэрэг армийн тухай мэдэгдсэн байна.
Харин ОХУ-ын Батлан Хамгаалах яамны мэдэгдэлд “Оросын цэрэг арми Буча хотод хяналтаа тогтоосон хоногуудад нэг ч жирийн иргэнд хүч хэрэглээгүй, хөнөөгөөгүй” хэмээн цохон тэмдэглэжээ.