Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа нь толгойн өвчин хэвээр байна. Дэлхийн жишигтэй харьцуулбал хэтэрхий өндөр байгаа зээлийн хүү эдийн засагт дарамт, чөдөр болж буйг бүгд л ярьдаг. Гэвч зээлийн хүүг багасгах шийдвэртэй алхам хийж чадахгүй, хүчээр бууруулж болохгүй гэж онолдсоор өдий хүрлээ. Одоогийн байдлаар банкуудын жилийн жигнэсэн дундаж хүү нь 20 орчим хувьтай байна.
Ер нь зээлийн хүү буурах боломж бий юу гэдэг дээр эдийн засагчид, улстөрчид янз янзын тайлбар, дүгнэлт хэлдэг. Саяхан “Голомт” банкнаас зээлийн хүүг бууруулах Үндэсний стратеги боловсруулж УИХ, Засгийн газар, Монголбанкинд хүргүүлсэн гэнэ лээ. Тэдний боловсруулсан бодлогоор одоо 20 хувьтай байгаа зээлийн хүү долоон жилийн дараа л 10 хувиар буурах бололцоотой. Энэ төсөөллөөр бол Монгол Улсад зээлийн хүү 2024 онд ойролцоогоор ес юм уу арван хувьд очих нь ээ гэсэн үг.
Долоон жил хүлээлгүйгээр банкны хүүг бууруулах нөхцөл байдал бүрдэчихээд байгааг ч хэлэх эдийн засагчид бий. Яагаад гэвэл өнөөдөр инфляци 4-5 хувьтай байгаа. Инфляци нэг оронтой тоонд багтаж байвал төгрөгийн өгөөжийг нэмсэн, дотоодын зах зээлээ дэмжсэн бодлогын шинэ алхмуудыг хэрэгжүүлэх нөхцөл үүсдэг. Ийм тохиолдолд Монголбанкны 12 хувьтай бодлогын хүүг нэг оронтой тоонд хүртэл буулгавал зээлийн хүү буурах боломжтой. Монголбанк бодлогын хүүгээ бууруулбал зээлийн хүү 1-3 хувиар багасч болно гэж зарим нь харж байна. Инфляци нэг оронтой тоонд багтчихаад, зээлийн хүү буурах боломж бүрдчихээд байхад Монголбанк яагаад бодлогын хүүгээ 12 хувь дээр барьсан хэвээр байна вэ.
Нэг их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан энэ жилийн төсөв Монголбанкныханд үүнээс өөр арга зам үлдээгээгүй гэдэг таамаг байна. Учир нь төсөв алдагдалтай, хадгаламжийн хүү өндөр хэвээр байгаа тохиолдолд инфляци нэг оронтой тоон дээр ирлээ ч нэмэргүй. Тиймээс төсвийн алдагдлыг арилжааны банкуудын зээлийн өндөр хүүгээс төлж дуусгах хүртэл төв банк бодлогын хүүгээ бууруулахгүй байх магадлал өндөр гэнэ. Дээрээс нь тэтгэвэр, хөрөнгийн зах зээлээ гадаад валют, төсөв, мөнгөний бодлогодоо уялдуулан шинэчилж байж зээлийн хүүг бууруулах асуудал ярих учиртай гэх судлаачид байгаа юм. Нөгөө талд зээлийн хүүгээ бууруулахгүй, аж ахуй нэгжүүдийг хүүгийн дарамтад оруулсан хэвээр байвал бага хүүтэй зээл олгодог гадны банкуудыг оруулж ирэхээс өөр аргагүй гэдэг шахалтууд ч улстөрчдийн зүгээс ирдэг. Гэхдээ хүүгийн түвшинг дорвитой бууруулж чадсан орнуудын туршлага бол захиргаадалтын аргаар бус эдийн засаг, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх маягаар явж ирснийг судлаачид сануулдаг.
Мөн зээлийн дээд хүүг төр нь тогтоодог жишиг ч олон улсад байдаг юм байна. Гэтэл манайд зээлийн хүүг банкууд өөрсдөө тогтоодог байхаар хуульчилсан нь тэднийг дураараа мөнгө хүүлэх боломжоор хангадаг аж. Дээрээс нь Монголоос бусад ихэнх улс Хүүлэлтийн эсрэг хуультай. Америк, Японы жишээ бэлээхэн бий гэнэ. Америкт гэхэд зээлийн дээд хүүг жилийн 8-10 хувиас хэтрүүлдэггүй юм байна. Тиймээс Монголд Хүүлэлтийн эсрэг хууль нэн шаардлагатай болсныг ч зарим эдийн засагчид онцолж байна.
Ямартай ч зээлийн хүү буурах боломжтой юу гэдэг асуултыг тойрч ийм асуудлуудыг хөндсөөр ирлээ. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч 2017 оны есдүгээр сарын 15-ны өдөр нэг тушаал гаргаж. Тэр нь “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах” ажлын хэсгийг байгуулах тухай юм байна. Ашгүй Монголбанк банкны зээлийн хүүг хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжихүйц түвшинд хүргэж бууруулах шаардлагатай гэж үзсэн бололтой. Эдийн засагчид, судлаачдын таамгийн сэдэв, ард иргэд, аж ахуй нэгжүүдийн горьдлого болоод буй энэ асуудлыг тал талаас нь нарийн судалж, гарц хайхаар шийджээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, арилжааны банкны төлөөллөөс гадна их дээд сургууль, эдийн засгийн судалгаа, шинжилгээний байгууллагын хөндлөнгийн, хараат бус төлөөллүүд багтжээ. Тэд зээлийн хүүг бууруулах баримт бичгийн төслийг 2018 оны хоёрдугаар сард багтааж бэлэн болгох юм байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдах тов гаргасан сурагтай.
М.МӨНГӨЛДЭЙ