Categories
мэдээ цаг-үе

Зээлийн хүү буурах боломжтой юу?

“Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” зөвлөлдөх уулзалт өчигдөр зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтын үеэр зарим эдийн засагчид банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй, бууруулах нэн шаардлага үүсээд байна гэж байсан бол зарим нь эдийн засгийн хямралтай ийм хүнд нөхцөлд зээлийн хүү бууруулах ямар ч боломж байдаггүй юм. Эдийн засгаа солонгоруулан хөгжүүлж байж зээлийн хүүг бууруулах боломжтой. Гадны өндөр хөгжилтэй орнуудын банкны зээлийн хүүтэй бид өөрсдийгөө харьцуулаад байх шаардлага байхгүй бөгөөд улстөрийн тогтворгүй, бодлогогүй байдал зээлийн хүү буурах боломжгүй шалтгаануудын нэг болсоор байна гэх зэргийг онцолж байлаа.

Мөн үүнээс гадна Монголбанк 1990-ээд онд гаргасан хоцрогдсон хууль, дүрэм журмаа одоог хүртэл хэрэгжүүлсээр байгаа. Нийгэм эдийн засгийн нөхцөл, хөгжил дэвшилд тохируулан юуг ч өөрчилдөггүй, юу ч хийдэггүй нь банкны хүүг өндөр байлгах шалтгаан болсон хэмээн шүүмжлэх хүн ч байлаа.

Ер нь нэг хэсэг нь банкны хүүг бууруулж байж, эдийн засаг сэргэн тогтворжино, иргэдийн амьдрал сайжирна, ажлын байр бий болж, аж ахуй нэгжүүд хөгжинө гэж байх юм. Харин нөгөө хэсэг нь эхлээд эдийн засгийн суурь боломжоо сайжруулж, улс төр нийгмийн байдлыг тогтворжуулаад, эдийн засаг сэргэсэн үед банкны хүүг бууруулах боломжтой гэв.

Харин бизнес эрхлэгчид болон эмэгтэйчүүдийн зөвлөл зэрэг иргэний нийгмийн байгууллагууд болохоор зээлийн хүү бууруулахыг шаардаж, хүлээсээр байгаа гэнэ. Мөн иргэний нийгмийн байгууллагынханд бараг ямар ч банк зээл олгохыг хүсдэггүй, зээл авах эрхтэй иргэний тооноос хассан байдагт бухимдалтай байдаг гэдгийг илэрхийлж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Ган хийц” компанийн Ерөнхий захирал М.Даваасүрэн ярихдаа “Монголбанк арилжааны банктай холбоотой эрхзүйн актаа нэг сайн хянаад үз. Эдийн засаг хөгжөөд шал өөр болчихсон байхад зохицуулалт гэж юу ч хийхгүй байна. Олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхгүйгээр хүнээс авдаг, шулдаг хэвээр байна. 1990-2000 онд хүнээс юм авдаг хоточ банхрууд их байсан. Тэр үед төр баахан банк дампууруулсан. Яг тэр үеийнхээрээ байгаа. Одоогийн дүрэм, журмуудаас чинь авах юм юу ч алга. Дүрмээ олигтойхон өөрчлөөд, зах зээлийн эдийн засагт тохируулаач. Айгаад байлгүй гадны банк оруулаад ирэх хэрэгтэй, гадны банк оруулж бизнес эрхлэгчид, ард түмэнд бага хүү төлөх боломж олго” гэлээ.

Одоогийн байдлаар жижиг бизнес эрхлэгчид арилжааны банкуудаас жилийн 26 орчим хувийн хүүтэй мөнгө зээлж байгаа бол дундаж хэмжээний бизнес эрхлэгчид 16-17 орчим хувийн хүүтэй байгаа. Харин томоохон бизнес эрхлэгчдэд банк жилийн 5-7 хувийн хүүтэй мөнгө зээлдэг. Мөнгө зээлдэгчдийн 0.1 хувь нь гадаадын томоохон хөрөнгө оруулагчид бөгөөд тэд жилийн 1-4-хэн хувийн хүүтэй мөнгө авч хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, Монголд ийм тэгш бус зээлийн орчинд бид бизнес хийж байна гэдгийг ажил олгогчдын төлөөлөл онцоллоо.

Мөн энэ үеэр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч Х.Ганбаатар ярихдаа “Монголчуудын 1.2 хувь нь зээл авч бизнес эрхэлж бусдыгаа тэжээж байгаа. Тэд дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг бүрдүүлж байгаа юм. 1990-1992 онд иргэд авсан зээлээрээ савхи, нэхий зэрэг ахуйн хэрэглэлээ авчихдаг байж. Харин 1990-2007 онд болохоор байшин, машин зэрэгт зээлээр авсан мөнгөө зарцуулдаг байжээ. Гэтэл 2007 оноос хойш зээлийг ахуйн зүйлд зориулахаа больсон. Зээл авч байгаа хүмүүс үйлдвэрлэл, бизнесээ өргөтгөх чиглэлд ашиглаж байна. Тиймээс зээлийн нөхцөлийг зөв болгож, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Бизнес эрхлэхэд ямар хүндрэл гарч байна гэж асуухад судалгаанд оролцогчдын 70 хувь нь зээлийн хугацаа бага, хүү өндөр зээл авахад маш их хүнд сурталтай, дарамт шахалт ихтэй гэсэн байгаа юм.

Мөн үүнээс гадна барьцааны үнэлэх стандарт гэж тавигдаагүй. Банкны эдийн засагчид банкны болон зээлдэгчийн эрх ашгийг хоёуланг нь уялдуулан хамгаалах ёстой. Гэтэл тэд өөрийгөө дарга боллоо, эзэн боллоо гэж бодон зээлдэгчидтэй нохой шиг харьцдаг. Зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах тухай ойлголт манайд алга. Манай банкирууд банкирын сэтгэлгээгээр биш, зээлээр бизнесийг дэмждэг биш, нягтлан бодохын, няравын сэтгэлгээтэйгээр банкны үйл ажиллагааг явуулдаг” гэх зэргийг тэрбээр онцолж байлаа.

Монголбанкны бодлогын хүү өндөр. Монголбанкны бодлогын хүү гэдэг бол төв банкны явуулдаг гол үндсэн хэрэгсэл, үүнээс үүдээд хадгаламжийн хүү өндөр байна. Зээлийн эх үүсвэр дутагдалтай. Арилжааны банкууд дээр ч гэсэн хүндрэлтэй талууд байгаа. Монголын арилжааны банкуудад зээлдэгчдэд туслах дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах зүйл байхгүй. Хадгаламжийн хүү өндөр байна, валютын ханш их хэлбэлзэж байна. Монголбанкны бодлогын хүү 12 хувь мөртлөө зээлийн баталгааны сан гэж байхгүй” гэх зэрэг байр суурийг Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хэлж байлаа.

Мөн тэд зээл аваад, сайн бүтээгдэхүүн гаргаад эхэлчихсэн ч эдийн засгийн хямралаас болоод бараа бүтээгдэхүүн нь борлогдохгүй байгаа аж ахуй нэгжүүдийн зээл төлөлтийг гурван жилээр хойшлуулаад өгөх хэрэгтэй, аж ахуй нэгжүүдэд сэхээ өгмөөр байна гэх санал хэлж байв.

Харин Монголбанкны судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир энэ үеэр тайлбар өгөхдөө “Эдийн засгийг тогтворжуулж, төрөлжүүлэх шаардлагатай байна. Төр нь хувийн хэвшлээ дэмжээд төрөлжүүлэх хэрэгтэй. Банкны зээлийн хүү өндөр байгаа нь аж үйлдвэржилт санхүүгийн салбарын зээлийн хүү, хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой. Хэт хавтгайруулан мөнгө тараадаг, суурь биш урсгал шинж чанартай зарцуулалтууд хийдэг. Суурь эдийн засгийн бүтэц болох тээвэрлэлтийн асуудлууд, дэд бүтэц зэрэгт хөрөнгө оруулдаггүй. Ганцхан уул уурхайн эдийн засагт түшиглэсэн зэрэг нь эдийн засгийн байдал, зээлийн хүү буурахгүй байх шалтгаанд нөлөөлж байгаа юм. 1990 оноос өмнө хийж чаддаг байсан зүйлсээ манайхан хийж чадахгүй болчихлоо гэх санал гарч байна. Мөн валютын ханш хэлбэлзэлтэй нь үнэн. Угаас манайх сүүлийн 27 жилд лав хангалттай валютын нөөцтэй байгаагүй. Хамгийн их нөөцтэй болсон үе нь “Чингис” бонд орж ирсэн үе. Гэхдээ хамгийн ихдээ 5.5 сарын хэрэгцээгээ хангах нөөцтэй байлаа. Монгол шиг ийм бага валютын нөөцтэй улс дэлхийд байхгүй. Энэ нь мөн олон хүчин зүйлтэй холбоотой” гэх зэргийг онцолж байсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засаг судлаач Ж.Дэлгэрсайханаас дараахь зүйлсийг тодрууллаа.

-Зээлийн хүүг бууруулах эдийн засгийн боломж байна уу?

-Улстөр эдийн засаг нийгмийн суурь хүчин зүйлүүдтэй холбоотой учраас зээлийн хүү буурах боломж бага байна. Монголбанк, Сангийн яам оролцоод хүүг бууруулахад хэрхэн яаж ажиллах нь чухал вэ гэх зөв тооцоолол гаргах хэрэгтэй.

-Тэгвэл хүүг бууруулах ямар тооцоолол гаргах уу, ямар боломж байна?

-Хүүг бууруулна гээд яриад байгаа боловч хүү өндөр байгааг нарийн судлаад гаргаад ирчихсэн судалгаа байхгүй тухай ярихгүй байгаа нь харамсалтай. Зээлийн хүүг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулж, шалтаг шалтгаан тоочиж байна. Ингэж тайлбарлах нь үнэхээр харамсалтай. Эхлээд бид хүүг бууруулахгүй байгаа үндсэн шалтгааныг тодруулах ёстой юм. Бидний хийсэн судалгаанаас харахад хүү өндөр байгаа нь нийгэм, эдийн засгийн суурь шалтгаанаас үүдэлтэй. Улстөр эдийн засгийн тогтворгүй байдал, эрсдлийн түвшин өндөр байна. Энэ шалтгаанаа тодорхойлсны дараа, төрөөс цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Гэхдээ зээлийн хүүгийн асуудлыг хөндөж, олон нийтийн анхааралд хандуулж байгаа нь зөв.

Хамгийн түрүүнд төрийн шинэчлэл хэрэгтэй. Төр өөрөө намын шинэчлэл хийж байж шийдэгдэнэ. Жишээ нь эрх баригч намын суурь бодлого, төсвийн зөв бодлого, эдийн засгийн зөв бодлого маш чухал. Ийм хэлбэлзэлтэй төсөвтэй төр засгийн бодлого нь цаг зуурын байгаа үед зээлийн хүү бууруулах тухай ярих утгагүй ойлголт. Нийгэм эдийн засаг сэргэж, улстөрийн бодлого тогтворжиж байж зээлийн хүү буурах боломжтой.

-Хадгаламжийн хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байх шалтгаан болоод байна гэх санал гарч байна?

-Харамсалтай нь зээлийн хүүг өнгөц харж байна. Энэ буруу. Хадгаламж бол олон шалтгаантайгаар тогтдог зүйл. Эдийн засаг нийгмийн суурь шалтгаантай. Ядуурлаа бууруулах зэрэг бусад асуудлууд байна. Барууны өндөр хөгжилтэй орнуудын зээлийн хүү бага байгаа нь үнэн. Тиймээс ямар, нийгэмтэй, улс төртэй, ямар нөхцөлтэй аль улсад зээлийн хүү нь харьцангуй бага байна вэ гэдгийг судлаад үзчих хэрэгтэй.

-Эдийн засаг өсөлттэй гарсан гэж байгаа ч ажилгүйдэл, ядуурал улам бүр нэмэгдсэн гэх судалгаа байна. Эдийн засгийн сэргэлт ядуурал хоёр харилцан хамааралтай баймаар юм?

-Ядуурал ажилгүйдлийн гол шалтгаан бол 2014- 2016 онуудад гарсан. Сүүлийн гурван улирал дараалаад эдийн засаг өсөлттэй гарсан байгаа. Гэхдээ энэ нь нийгэмд нөлөөлөх болоогүй байна. Эдийн засаг 5-8 хувь өссөн боловч татваруудын болон НӨАТ-ын нөлөөлөл өндөр байх шиг. Дахиад 3-4 улирал өсөлттэй явчихвал ард иргэдэд мэдрэгдэнэ. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой удаан барьж, эдийн засгийн зөв бодлого явуулах нь чухал.

Н.ГаНчимЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *