Categories
мэдээ цаг-үе

Завханы Тэлмэн суманд хүүхдийн “Хүрэл тулгатан” наадам болов

Гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг, яруу найрагч Г.Машбат, Ж.Болд-Эрдэнэ нар

Завхан нутаг жаргалын минь орон, заяа тавилант миний нутаг гэсэн их Явуугийн шүлэг байдаг. Монголыг даасан цаст Очирваань богд хэмээдэг Отгонтэнгэр их хайрханы бэлд очиж, сурвалжлага тэмдэглэл бэлтгэж явснаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Завханы Тэлмэн, Тосонцэнгэлийн талаар оюутан ахуйн анд, яруу найрагч, “Бөх” сонины эрхлэгч, сэтгүүлч Ганболдын Машбатаас мөн ч олонтаа сонсож байсан сан. Тэр сайхан нутагт очих хувь ерөөл энэ зуны эхэн сард бүрдэх байжээ. Ганболдын Машбатыг оюун сэтгэлгээний хувьд өсөх уран бүтээлч байсныг Монголын ерээд оны мөнгөн үеийн яруу найрагчид сайн мэднэ. Завхан аймгийн хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” наадмын 1991-1993 оны гурван удаагийн тэргүүн шагналт анд минь тэнгэр зүг одоод арав гаруй оныг үдэж дээ. Тэр ер нь өөрийгөө сурталчлах тун ч дургүй ясны уран бүтээлч байлаа. “Хурд” хамтлагийн “Ээждээ” дууг зохиосон Даваадашийн Болд, Монгол орноо явган туулсан бадарчин яруу найрагч Цэвэгжавын Батбаатар, МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Цэндийн Доржсэмбэ бидэнд хааяа нэг “Тосонцэнгэл суурингаа орхиод алсын замд гарсаан…” гэх шүлгээ уншиж өгчихөөд тэрнээсээ их ичнэ. Тэгсэн атлаа шүлэг, утга зохиолын талаар гүн гүнзгий мэдлэгтэй байсан даа.

Түүний танилын хүрээ их. Улсын гарьд Дамдины Баяраа, улсын начин Нэгдэл, гавьяат тамирчин, боксын спортын мастер Олзод, боксчин Хичээнгүй эдэнтэй их дотно. Одоогийн алдартай бөх, улсын заан Нэгдэлийн Жаргалбаярыг бяцхаан хүү байхад манай Ма “Энэ хөөрхөн барилдах хүү шүү” гэж урам өгнө. “Бөхчүүд” сониныг эрхлэн гаргаж байхдаа олон ч бөхтэй ах дүү шиг элгэн сэтгэлээр ижилдэж явсныг би мэдэх юм. Тэр бүү хэл, Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ч ажил хэргийн харьцаатай байж, сонгуулийн сонинг нь гаргаж л явсан. Утга зохиол, нийгмийн ажилтны сургуульд Баатарын Галсансүх, яруу найрагч Отгоны Нандинцэцэг, “Цэг цэг таслал” номоо оюутан ахуйдаа гаргасан Д.Амаржаргал нартай нэгэн ангид суралцаж байгаад гурав дахь жилдээ С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургуульд манай ангид шилжин ирж билээ.

Төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, мөнгөн үеийн яруу найрагчдын түүчээ Жамьянгийн Болд-Эрдэнэ, гавьяат жүжигчин Намдагийн Төмөрхуяг нартай чухам тэр л үеийнхнээсээ дотнохон байсныг гэрэл зургийн цомог дахь патиарууд нь илтгэнэ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн гуайнд ороод “Дүү нь хэдэн сайхан өгүүллэг бичээд танд ирж шавь орно оо” гэж байсан сан. Түүний сонинд бичсэн нийтлэл, хөргүүд гэхэд өгүүллэг бичвэл ч бичихээр хэл найруулга сайтай байж билээ. Харамсалтай нь өнөө тэр маань өгүүллэгүүдээ бичиж амжихгүй болжээ. Сүүлд бичиж байсан шүлгүүдтэй хар дэвтэр нь хүртэл олдохоо больж. Уг нь шүлэг бүтээлүүдийг нь эмхэтгээд ном болгоод гаргачихвал хичнээн сайхан байх сан билээ. Ануухан үлдсэн ээж нь, хайрт дүү нар нь Машбат агсны гэгээн дурсгалд зориулж хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулгатан” наадмыг өнгөрөгч сарын 21-нд төрөлх нутаг Тэлмэн суманд нь зохион байгуулж, Завхан аймгийн Тэлмэн, Идэр, Их-уул, Тосонцэнгэл зэрэг сумдын тавь жаран өсвөрийн найрагчид насны хоёр ангиллаар шүлгэн хүлгээ тарлав. Тайзнаа Г.Машбатын хөргийн дор

“Зүрх сэтгэлээрээ би ертөнцийн бүх охидод дурласан

Зөвхөн тэдний төлөө л хаврын бороог хүлээдэг” гэсэн шүлгийн гар бичмэлийг дурайлган гарын үсгийг нь сийлжээ. Тэр дунд сургуулийн сурагч байхдаа

“Битүү туурайн хурданд

Эрдэж явнам, хүлэг минь

Билгүүн найргийн онгодонд

Хурдалж явнам, шүлэг минь” гэж арван хэдхэн насандаа бичиж байсныг найрагчийн дүү Г.Дашдулам өгүүлж байна. Хэл шинжлэлийн магистр эл дүү нь ахынхаа нэрэмжит найргийн наадмын шүүгчээр суусан. Машбатын нэрэмжит наадмын нээлтийг тавдугаар сарын 12-нд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш Готовын Аким, төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, МЗЭ-ийн болон “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Норовын Гантулга нар хийсэн нь тэлмэнчүүдэд утга соёлын гэгээ хайрласныг төрөлх сургуулийнхан нь, нутаг усныхан нь бахдан сууна. Машбатын аав С.Ганболд сургуулийнхаа пионерын ахлах удирдагчаар ажлын гараагаа эхэлж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан соёлын тэргүүний ажилтан цолтой хүн байсан бол ээж Лувсанренчингийн Тэгшжаргал нь Тэлмэн сумын сургуулийн захирлаар арван долоон жил ажилласан, монгол хэл-уран зохиолын багш хүн юм. Аав, ээжийн эрдэмлэг, авьяасын оч хүүдээ нөлөөлснийг эндээс хэлүүлэлтгүй анзаарч болно. Анхны шүлгүүдын нэг нь болох “Дөрвөн бэрх ” шүлэг нь 1989 онд “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж байсан бөгөөд 1992 онд хөгжмийн багш Г.Эрдэнэбат аялгуу хийснээр аймгийн “Яргуй” наадмын хоёр түрүү, “Солонго” улсын хүүхдийн урлагийн их наадмын тэргүүн шагналыг хүртэж, мөн дунд сургуулийн сурах бичигт багтаж байсныг ээж нь өнөө нулимстай дурсаж сууна. Найргийн наадмын үеэр ангийн багш Уртнасан нь шавийнхаа хамт уртын дуугаа уянгалуулаад тайзнаас гунигтайхан бууж харагдсан. Ангийн хэсэг нөхөд нь анддаа зориулж бичсэн шүлгээ уншиж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэв.

Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Г.Машбат

Тэр Тэлмэн нуурынхаа тухай “Уруул хүрээгүй байхад шорвог нь мэдрэгдсэн

Усан болор Тэлмэн нуур нь хө

Тэнгэрийн дагинын нулимс ч юм сан уу

Тэрсүүд амьдралын үнэн ч юм сан уу

Нутгийн минь нуур миний сэтгэлд

Нуулгүйхэн үнэнийг шивнэв үү

Нулимстай зүрхийг чагнан чагнан

Нууцхан нэгийг өгүүлэв үү” хэмээн бичсэнд Г.Эрдэнэбат аялгуу зохируулжээ.Түүний бичсэн шүлгээс бүтсэн “Дөрвөн бэрх”, “Засагт ханы нутаг”, “Тэлмэн нуурын шивнээ” дуунуудыг сургуулийн авьяаслаг сурагчид найрлаар уянгалуулж, зээ дүү нар нь дуулж хөгжимдөн, Т.Батцоож “Орчлонг хайрлаарай” дууг аргаданхан дууллаа. Машбатын маань дүү Г.Батмагнай, Г.Бямбарагчаа хоёр Улиастай-Улаанбаатарын унаанаас өглөө тосоход андтайгаа учирсан мэт сэтгэлд нэг л дотнохон. Батмагнай сумандаа алдартай адуучин, ах шигээ нуруулаг өндөр залуу. Харин отгон дүүгийнх нь хувьд ШУА-ын Археологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан. Дашдулам, Дорждулам хэмээх хоёр бүсгүй дүү нь оюутан байхдаа ахтайгаа хамт амьдардаг байсныг санаж байна.Өдгөө хоёулаа гадаад хэлний мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байна. Энэ жил Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ерэн жилийн ой тохиож буй учир нутгийнхаа найрагчийн нэрэмжит наадмаар үндсэндээ эхлүүлж байгааг сургуулийн захирал Байгалмаа онцлон ярьж байсан. Машбат агсны гэр бүлийнхэн ч сургуулийнхаа ойд зориулж таван сая төгрөгийн хандив өргөж байна. Тэлмэн сумын Засаг дарга О.Батчулуун тус наадмын шагнал гардуулах хүндтэй үүргийг хүлээнгээ “Завхан аймгийн зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан энэхүү найргийн наадам цаашид улам өргөжин тэлж олон авьяаслаг сурагчдыг төрүүлэх болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *