2024 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 03 дугаар сарын 12-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Дундговйин баруун хэсэг, Өмнөговийн нутгаар цасгүй, бусад нутгаар 0.0-42.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргасд 42.0 см, Сагилд 41.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 38.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 34.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 32.0 см, Архангайн Батцэнгэлд 24.0см, Төв аймгийн Борнуурд 19.0 см, бусад хэсгээр 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Архангайн зарим газраар 0.0-0.6мм цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр ихэнх нутгаар өнгөрсөн өдрөөс 1-9 хэмаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор,Тэс голын хөндийгөөр 10-16 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Онон, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-14 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-13 хэм хүйтэн байв.
Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.
.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0мм ялимгүй цас орсон. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 1 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 18 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн хоносон байна.