Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засварын ажил бүрэн дууссан сургууль, цэцэрлэг одоогоор байхгүй гэв

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хичээлийн шинэ жил дөхөөд ирэхээр сургууль, цэцэрлэгийн засвар, шинээр баригдсан цэцэрлэгүүд, замын хөдөлгөөний зохицуулалтын хуваарь, зам засварын ажил, орон нутгаас ирсэн оюутнуудын нийтийн байрны хүрэлцээ зэрэг асуудлууд олны анхаарлын төвд ордог. Бид хичээлийн шинэ жилийн өмнөх өдрүүдэд сургууль цэцэрлэг, дотуур байрууд бэлтгэлээ хэр хангасан тухай болон замын хөдөлгөөний зохицуулалт ямар байх талаар сурвалжиллаа.


ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТЭГШ СОНДГОЙГООР НЬ ХЯЗГААРЛАНА

Наймдугаар сарын сүүлийн арав хоногт нийслэл хот орон нутгаас ирсэн шинэ оюутнуудын хөлд дарагддаг. Хөл хөдөлгөөн ихтэй, замын түгжрэл асуудал болсон өдрүүд үргэлжилж байна. “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Бөмбөгөр”, “Хархорин” зэрэг захуудын ойролцоох зам, гүүрний зорчих хэсгийн ачаалал энгийн өдрүүдийг бодоход хэд дахин нэмэгджээ. Түгжрэл ихтэй эдгээр газрууд руу такси явахгүй байгаа аж. Аргагүйн эрхэнд алхаж байна гэсэн оюутнууд олон таарав. Үүний зэрэгцээ ойрын өдрүүдэд бороо хур элбэг байснаас үүдэн нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн авто замуудад эвдрэл гараад буй. Ийм шалтгаанаар хэд хэдэн замыг түр болон урт хугацаагаар хаажээ.

Замын ачааллыг бууруулахад ямар арга хэмжээ авч буй талаар Замын цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулсан юм.


-Замын эвдрэлийг засах, сэргээн босгох ажлын явц ямар байна?

-Нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн замуудад нэлээд эвдрэл гарсан. Ялангуяа Өмнөговь, Өвөрхангай, Архангай болон Баянхонгороос Говь-Алтай хүртэлх замаар зорчих боломжгүй болж, нуранги, гулгалт үүссэн. Иймд зарим үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаан засвар хийж байна. Нийслэл хотын тухайд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Дарь-Эхийн зам усархаг борооны улмаас нурж, гүн нүх, хонхор үүссэн нь иргэдийг нэлээд бухимдуулах боллоо. Тиймээс уг хэсгийн эвдрэлийг засахын тулд энэ долоо хоногийг дуустал урсгал засварын ажил үргэлжилэхээр болсон. Энэ үед тухайн замаар хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хэвийн үргэлжлүүлнэ, зам хаахгүй. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг замын хөвөө, ойролцоох замуудаар зорчуулахаар зохицуулалт хийн ажиллаж байна. Харин шаардлагатай тохиолдолд хөдөлгөөн сийрэгждэг шөнө оройн цагаар замыг хэсэгчилсэн байдлаар түр хааж магадгүй.

-Замыг бүрэн шинэчилж байгаа юу?

-Замыг бүтнээр нь шинэчлэхгүй. Зөвхөн эвдрэлтэй хэсгүүдэд нөхөн сэргээлт, арчилгааны ажил хийгдэж байгаа.

-Нийслэлийн хэмжээнд өөр хаасан зам, гүүр, уулзвар бий юу?

-Өмнө нь хийгдэж байсан замын ажлууд үргэлжлэн явагдаж байгаа. Жишээ нь, Замын цагдаагийн баруун урд уулзвар хаалттай хэвээр байгаа. Учир нь засварын ажил үргэлжилсээр байгаа юм. Мөн Яармагийн гүүрний ажил үргэлжилж байна. Шинээр хаасан замын тухайд, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Төмөр замын цагдаагийн урд талын авто замыг энэ сарын 18-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл хаахаар болсон. Бас Баянгол дүүргийн зургадугаар хороо, 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл хаана.

-Замын хөдөлгөөн нэлээд нэмэгдэх шинжтэй байгаа энэ үед ямар зөрчил ихээр гарч байна вэ?

-Улаанбаатар хотын замууд нарийхан хэрнээ хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо маш их. Түгжрэлийн 20-30 хувийг дүрэм журмаа биелүүлдэггүй, сахилгагүй, дүрмийг бус үйл ажиллагаагаар хөдөлгөөнд оролцдог иргэд бий болгодог. Эгнээ байраа буруу эзэлдэг, зорчих шугамаасаа хэтрэн явган хүний гарцан дээр давж зогсон бусдадаа саад болдог. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Соёл амралтын хүрээлэнгийн хажуу талаар урсгал сөрдөг. Мөн Алтай хотхоноос хойш чиглэлийн гүүрэн догуур ухрах байдлаар урсгал сөрж, хөдөлгөөнд хүндрэл учруулж байна. Ингэж хөдөлгөөнд саад учруулах үйлдэл хийснээр нэгнийхээ алтан цагаас хомсолдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Цаг үеэс шалтгаалсан ачааллыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн баасан гаригт Нийслэлээс гаргасан захирамжийн дагуу автомашиныг амралтын өдрүүдээр улсын дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Энэ долоо хоногийн бямба гариг буюу энэ сарын 25-ны өдөр 0, 2, 4, 6, 8 төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин ням гаригт сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн дугаартай автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулна.

Нийслэлийн хэмжээнд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдогийн 350 мянга гаруй нь өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөнд оролцдог юм байна. Эдгээр машинууд дээр хөдөө орон нутгийн автомашинууд нэмэгдэх учраас ирэх долоо хоногоос эхлэн шаардлагатай газруудад хайс, хашлага нэмж байршуулахаар болжээ. Түгжрэл ихтэй энэ өдрүүдэд такси барих, хувийн унаагаараа явах гэхээс илүү нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлбэл ажлаа хурдан бүтээх боломжтой, мөн замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй давуу талтай гэж замын цагдаагийнхан зөвлөж байна.

АВТОБУС, ТРОЛЛЕЙБУСНЫ ТООГ НЭМЖ, ҮЙЛЧЛЭХ ХУГАЦААГ НЬ УРТАСГАНА

Нийслэлийн Тээврийн газраас 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээ болон замын түгжрэлийг хэрхэн зохицуулах талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг энэ сарын 25-наас 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн 88 чиглэлд 959 автобус, троллейбус нэмэгдэх юм. Мөн шөнийн тээвэр болон зуслангийн үйлчилгээний тус бүр гурван чиглэлд 5-10 нийтийн тээврийн хэрэгсэл нэмэхээр болжээ. Үүнээс гадна Шархад, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн 1000, Зайсан, Улиастайн суурьшлын цэгт үйлчлэх 12 нийтийн тээврийн шугаманд цагийн хуваарийн өөрчлөлт оруулж, уртасгасан цагаар ажиллуулахаар болсон байна.

Энэ талаар Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Автобуснуудын тоог нэмэгдүүлж зохицуулалт хийснээр автобус хоорондын хугацаа богиносож, хот доторх автобусны хүлээлтийн хугацаа ойролцоогоор 7-8 минут болно. Мөн тээврийн хэрэгслийн стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдал, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор ажиллаж байна. Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Нийслэлийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хуваарийн дагуу ажиллана” хэмээв.

ЗАСВАРЫН АЖИЛ НЬ ЭХЛЭЭГҮЙ СУРГУУЛЬ Ч БАЙНА

Өнгөрсөн жил нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгүүд их болон урсгал засварын ажлаа дуусгаж амжилгүй есдүгээр сарын 1-тэй золгож, сурагчдаа хатаж амжаагүй будагтай хана, тоос буусан ширээ, шохой нь арилаагүй шалтай угтаж байсан юм. Бид нийслэлийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц ямар байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын даргын орлогч Л.Дашдэмбэрэлээс тодрууллаа.


-Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц ямар байна вэ ?

-Нийслэлийн хэмжээнд хийгдэх сургууль, цэцэрлэгийн их засварын ажилд таван тэрбум төгрөг төсөвлөн өгсөн. Үүнд 24 сургууль, 14 цэцэрлэгийн их засварын ажлыг хийхээр тусгасан. Өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайдын тушаалаар нийслэлийн есөн дүүрэгт хийгдэж буй их засварын ажлын явцтай танилцсан. Одоогийн байдлаар 10 гаруй сургууль, цэцэрлэгийн их засварын ажил эхэлчихсэн байна. Харин заримынх нь засвар эхлээгүй, ажлын тендер зарлагдаад сонгон шалгаруулалт явуулах шатандаа явж байгаа.

-Өнгөрсөн жил наймдугаар сарын 27-нд засварын ажил дуусаагүй байсан. Энэ жилийн тухайд заасан хугацаандаа багтаад ажил дуусч чадах болов уу. Ажлын явц яг хэдэн хувтай байна вэ?

-Нийт хувийг нь одоогоор тооцож гаргасан зүйл алга. Гэхдээ бид засварын ажил хийх хүмүүстээ энэ сарын 25-наас өмнө ажлаа бүрэн дуусгаж, хичээлийн эхлэхэд хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгтээ саадгүй суралцах боломжийг хангах шаардлага тавьж байгаа. Ерөнхийдөө бүх засварын ажил есдүгээр сарын 1-ний дотор амжаад дуусна гэж бодож байна. Харин урсгал засварын тухайд сургууль, цэцэрлэгүүд дор бүрнээ өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж байгаа.

-Засварын ажил нь 100 хувь дуусчихсан сургууль, цэцэрлэг байна уу?

-Одоогоор 100 хувийн гүйцэтгэлтэй засварын ажил нь дууссан сургууль, цэцэрлэг байхгүй байна.

-Сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн хүүхдүүдийг яах вэ?

-2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо 67 хувьтай байсан. Үүнээс хойш төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоог ашиглан улсаас хувьсах зардлыг нь гарган 3087 хүүхдийн элсүүлсэн. Энэ жил ч гэсэн энэ маягаар явах болно. 2020 он хүртэл цэцэрлэгт хамрагдагсдын тоог 85 хувьд хүргэх зорилт тавьж байгаа.

-Багш нар есдүгээр сарын 1-нд ажил хаяна гэсэн энэ талаар?

-Багш нар өнгөрсөн баасан гаригаас эхлэн ажилдаа орсон. Саяхан ажил хаяна гэж байсан ч одоогоор ажил хаялттай холбоотой албан ёсны мэдэгдсэн зүйл алга.

-Хувийн сургуулиудыг улсын мэдэлд авах асуудал юу болсон бэ?

-Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар барьсан объектыг улс худалдаж авах тухай асуудал хөндөгдөж байсан. Одоогоор манай байгууллагад ирсэн мэдээллээр “Нарны хороолол”-ын сургууль, цэцэрлэгийн байгууламжийг улс мэдэлдээ авч, номер дугаар өгөх шийдвэр гарсан байсан.

-Сурагчдад учирч буй гэнэтийн эрсдэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Хүүхдүүдэд зориулан зам тээврийн осол гарах эрсдэлтэй орчинд байрладаг 16 сургуулийг өнгөрсөн жил жагсаасан. Тэдгээр сургуулийн ойр орчмыг хүүхдэд ээлтэй болгохоор тэмдэглэгээ, хурд сааруулагч, хашлага зэргийг нэмж байрлуулан тохижуулсан. Ингэхэд 16 сая төгрөгийг төсөвлөн, зарцуулсан байдаг. Энэ жилийн тухайд тус жагсаалтад есөн ЕБС-ийг оруулан, жишгийн дагуу хүүхдэд ээлтэй болгохоор тохижуулна.

-Энэ жил хичнээн шинэ элсэгчид авахаар тооцож байна?

-Өнгөрсөн жил Төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 409 цэцэрлэгт хүүхдүүд хамрагдсан. Нийт хүүхдүүдийн 74 хувь нь улсын цэцэрлэгт хамрагдсан. Энэ жилийн хувьд 227 төрийн өмчийн, 434 хувийн цэцэрлэгт элсэлт авч байгаа. 2-5 насны 456000 орчим хүүхэд хамрагдана гэсэн тооцоо байна. Үүнээс 34000 хүүхэд шинээр цэцэрлэгт элсэн орно. Сургуулийн хувьд төрийн өмчийн 135 хувийн 115 сургуульд 263000 хүүхэд хамрагдах урьдчилсан тооцоолол бий. Энэ жилийн нэг онцлог нь 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж байна. Бүртгэл наймдугаар сарын 23-ны өдрийн 00 цаг хүртэл бүртгэж дуусна. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэлийг наймдугаар сарын 20-ноос 30-ныг дуустал уламжлалт аргаар явуулна.

НИЙСЛЭЛД 18 ЦЭЦЭРЛЭГ, НЭГ СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРНО

Нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг, нэг сургууль шинээр ашиглалтад орох юм байна. Энэ сардаа багтаад таван цэцэрлэг ашиглалтад орно гэсэн мэдээллийг Нийслэлийн боловсролын газраас өглөө. Үлдсэн нь энэ ондоо багтаж ашиглалтад орох аж. Он дамжиж ашиглалтад орох 34 сургууль, 52 цэцэрлэг байгаа гэнэ. Эдгээрийн зарим нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ашиглалтад орно гэж Нийслэлийн боловсролын газрын даргын орлогч онцоллоо .

Мөн ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн автобусанд хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 54 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 124 автобус хамрагдах ёстой байжээ. Гэвч 36 сургуулийн 46 автобусанд үзлэг шалгалтын ажил хийсэн байна. Үүнийг өмнөх оныхтой харьцуулахад шалгалтад хамрагдсан хүүхдийн автобусны тоо 43.9 хувиар буурсан гэнэ. Шалгалтад хамрагдсан 46 автобус насжилтаар 100 хувь, 27 автобус шаардлагын дагуу шар өнгөтэй байсан аж. Харин ердөө 13 автобус техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангасан тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх “Хүүхдийн автобус”-ны зөвшөөрлөө авчээ.

ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ЖИЛИЙН ХӨЛС 430-700 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Жилд дунджаар 35-40 мянган оюутан нийслэл хотыг зорин ирдэг ч тэдний 15 мянга нь л сургуулийнхаа харьяа байранд амьдрах боломжтой байна. Оюутны байрны хувьд дийлэнх нь Арслантай гүүрний зүүн талд байх оюутны хотхонд орших бөгөөд энд АШУҮИС, МУИС, МУБИС болон ШУТИС-ын салбар дотуур байрууд бий. Мөн энд дотуур байрнууд дундаа хамгийн тохитой гэгдэх “Оюутны өргөө I, II” ч байдаг. Биднийг тус газар очиход засвартай байлаа. Засварын ажил нь хараахан дуусаагүй ч дотуур байранд суух оюутнуудаа бүртгэж эхэлжээ. Наймдугаар сарын 25-аас оюутнуудыг хүлээж авах гэнэ. Бичиг баримтаа бүрдүүлж, төлбөр мөнгөө бүрэн тушаагаад ирсэн хүүхдүүдийг бүртгэхээр болжээ. МУБИС-ийн дотуур байрны нэг жилийн төлбөр 430 мянга төгрөг, АШУҮИС-ийн 400 оюутны багтаамжтай дотуур байрны жилийн 500 мянган төгрөг бол ШУТИС-ийнх 700 мянган төгрөг байгаа аж. Дотуур байрандаа хамрагдаж чадаагүй хүүхдүүд нийтийн байр, хажуу өрөө хөлсөлдөг. 1-3 өрөө байрыг хэд хэдээрээ нийлж хөлсөлдөг гэж бидэнтэй таарсан оюутнууд ярьсан юм. Хажуу өрөө хотын төвөөр 250-300 мянган төгрөг, хотын зах руу 140-200 мянган төгрөг хавьцаа байна. Нэг өрөө байрны дундаж үнэ 500-600 мянган төгрөг, хоёр өрөө байр байршлаасаа хамаараад 500-900 мянган төгрөгөөр үнэлэгддэг гэнэ. 1-3 өрөө байрны хувьд барьцааны асуудалд оюутнуудад хүндхэн тусдаг байна. Байрны эзэд барьцаа гэж нэг сарын хөлстэй тэнцэх хэмжээний мөнгө авдаг аж. Гэр хорооллын айлуудын хашаандаа барьсан хоёр, гурван давхар барилгуудад оюутнууд олноороо амьдардаг юм байна. Иймэрхүү барилгын нэг өрөө нь дунджаар 180-300 мянга орчим төгрөгийн үнэлгээтэй байна.

З.МӨНХСУВД

гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *