Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхэлсэн юм. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 зорилттой юм байна.
“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөгжлийн бодлогын гол зорилт нь эдийн засгийн төрөлжилтийг бүрдүүлэхээс гадна өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлсээ төрөлжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан, улмаар шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн суурийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ үүднээс бид үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилтыг дэвшүүлээд зогсоогүй, улс орны цаашдын хөгжлийн зөв бодлого, чиглэлийг хэрхэн бүрдүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулса гэв. Хэдийгээр бид харьцангуй богино хугацаанд буюу ирэх 3-4 жилийн дотор мэдлэг, инновацид тулгуурласан хөгжлийг бий болгож амжихгүй, ийм боломж байхгүй ч гэсэн цаашдын урт хугацааны хөгжлийн үндсийг шат дараалалтай бүрдүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжил, үүнийг бусад бүхий л салбарын хөгжилд үр бүтээлтэй ашиглаж болох тогтолцоог бүрдүүлэхийг зорих болно” хэмээн Ерөнхий сайд хэлсэн
Түүний дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулсан юм. Тэрбээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөртэй зөрчилдөж байгааг анхааруулав. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Гантулга, Ц.Гарамжав, Н.Энхболд, Я.Санжмятав, З.Нарантуяа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.