Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.03.29/ өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хууль нь тус
улсын нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын тулгуур үндэс, хүний эрх,
эрх чөлөө, төрийн болон орон нутгийн эрх барих байгууллагуудын
тогтолцооны үндсэн эхийг баталгаажуулсан улс төр, эрх зүйн тулгуур
баримт бичиг болохын хувьд урт хугацаанд, тогтвортой үйлчлэх учиртай.
Гэсэн хэдий ч энэхүү үзэл санаа нь улс орны хөгжил, цэцэглэлт, нийгэм,
эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн тушаа болох
учиргүй. Энэ ч үндэслэлээр 1992 онд батлан мөрдөж эхэлсэн Монгол Улсын
Үндсэн хуульд 2000 онд Улсын Их Хурал нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч
энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмжлэл, маргаан өнөө хэр
үргэлжилж байгааг хууль санаачлагч танилцууллаа.
Энэ асуудлыг өнөөгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэж, төрийн
эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал болон хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Засгийн газар хоорондын зүй зохист
хамаарал, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог
тодорхой болгож, төрийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах
боломжийг бий болгох зорилгоор, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын
Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн энэхүү хуулийн төслийг
боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь
нийт 2 зүйлтэй бөгөөд дагалдан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд
оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Үүний дүнд төрийн хууль
тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд тавих
хяналтын тогтолцоо сайжирч, шинэчлэгдэнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.