Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар хил гааль, зам тээвэр, төмөр замын холбогдох ажилтнууд мэдээлэл өглөө. Зам тээврийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүдийн чингэлэг тээврийн ажлыг нэгдүгээр сарын 11-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3041 чингэлэг тээвэр оруулсан байна. Чингэлгийг тээвэрлэхэд 2400 орчим тээврийн хэрэгсэл оролцсон байна. Цаашид чингэлэг солилцоог сайжруулахаар БНХАУ-тай ярилцаж байгаа. Замын-Үүдийн чингэлэг тээвэртэй холбоотойгоор хэд хэдэн төрийн байгууллага болон холбоодуудаас санал гаргасан. Замын-Үүдэд тээвэр хийдэг байсан жолооч нарын хувьд нэгдүгээрт, тээвэрлэлтийн хуучин горимд шилжүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьж байгаа. Хуучин горимд шилжүүлэх асуудлыг ярихад эрт байна. БНХАУ-ын халдвар хамгааллын дэглэм огт буураагүй байгаа. Хоёрдугаар асуудал нь тээвэрлэлтэд хувийн хэвшлийнхнийг оруулаач гэсэн асуудал тавьж байгаа. Замын-Үүд болон дотоодын тээвэрт оролцох боломж нь нээлттэй байгаа. Замын-Үүдээс гарч байгаа тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь Замын-Үүдэд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл. Орж ирж байгаа ачаа бараа бүтээгдэхүүн бага байгаа учраас хүртээмжтэй байх тал дээр учир дутагдалтай байгаа. Тээвэрлэлт зохион байгуулалтад хувийн тээврийн хэрэгслийг оруулахдаа дүрэм журам, хуулийнхаа хүрээнд аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж байгаа. Тээвэрчидтэй уулзалт хийхэд нээлттэй. Айгаад зугтаад байх зүйл байхгүй. Тээвэрчдийн зүгээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох санал тавьж байна. Гэтэл цуцалж болохгүй. Хэрвээ цуцалсан тохиолдолд Эрээний хил хаагдана. Үр дагаварт нь ийм л нөхцөл байдал үүснэ” гэсэн юм.