Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар ийм асуудлууд хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцлээ 

Монгол Улс, БНХАУ хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжээд тус протоколд гарын үзэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Хоёр улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийг тодорхой болгох нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны тасралтгүй, тогтвортой хөгжилд эрх зүйн талаас онцгой хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээг эмхлэн цэгцэх асуудлыг 2006 оноос ярьж эхэлж, хоёр тал хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээний жагсаалтыг өөрсдийн архив, хадгалагдаж буй баримт бичиг, бусад яам газраасаа авсан саналыг үндэслэн нийт гэрээний жагсаалтыг гаргаж харилцан солилцож, тулгалт хийж иржээ.

Энэ сард зохион байгуулах өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр протоколд гарын үзэг зурахаар төлөвлөж байна.

 “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулна

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах” шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулж боловсруулжээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр гарсан Засгийн газрын гишүүдийн саналыг тусган холбогдох хуулийн дагуу уг хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгалаа. 

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар

-Хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг хангуулах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх эрх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоосноор салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна.

-Хүн амын суурьшлын бүс, орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл буурч, хүн амын өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Хуульд нийцүүлж эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг сахиулахаар тогтоосон стандарт, дүрэм, журмыг шинэчилж, боловсронгуй болгох нөхцөл бүрдэнэ.

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын харицлага дээшилнэ зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.  

 Орон сууцны санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр нь хийнэ

  “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж буй. Гэсэн ч бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд гэрээний дагуу санхүүжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд 2014 онд орон нутгийн бүтээн байгуулалтад зарцуулаагүй 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Буянт-Ухаа 2” хорооллын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх саналаа ТОСК илэрхийлсэн байна.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ орон сууцны ажлын гүйцэтгэлийг нь харгалзан хөдөө орон нутаг, Улаанбаатар хот хооронд санхүүжилтийн зохицуулалт хийх эрхийг ТОСК-ийн захирал А.Гантулгад өгч, хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. 

Концессоор хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад байгаа концессын  төслүүдийн уралдаант шалгаруулалт болон концессын гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.

Засгийн газрын “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолоор нийт 51 төсөл хөтөлбөрийг баталсан. Үүнээс:

•      Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн автозам

•      Тэлмэний дулааны цахилгаан станц

•      Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд хурдны автозам

•      Туул-Сонгино усны нөөцийн цолгцолбор

•      Дулааны V цахилгаан станц гэсэн нийт 6 төслийн концессын гэрээг байгуулаад байна. 

 Автозамын 14 төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны 4 сарын 30-ны өдөр зарлаж, төслийн саналыг долдугаар сарын 1, 2, 3-нд хүлээж авч үнэлжээ. Уралдаант шалгаруулалтад тэнцсэн оролцогч шалгараагүй байна.  Иймд Концессийн тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар болж, шалгаруулалтад оролцсон болон бусад сонирхлоо илэрхийсэн хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний хэлэлцүүлэг хийх ажлыг зохион байгуулж байна.

Эрчим хүчний концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны 6 дугаар сарын 13-ны өдөр зарласан бөгөөд төслийн саналыг энэ сарын 20-ны өдөр хүлээж авах юм. Одоогоор 27 компани шалгаруулалтын баримт бичгийг авчээ. 

              Товч мэдээ

 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай зөвлөмжийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.УИХ-д хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэг заалт, хотын дахин төлөвлөлт, гэр хорооллын зуух, түлш, тээврийн хэрэгсэл зэрэг асуудлуудыг багтаасан найман заалт бүхий энэхүү зөвлөмжийн төслийг боловсруулсан байна.

• Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *