Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын гишүүд хуулийн төслүүд өргөн барилаа DNN. mn

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2022.04.14) Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар хуулийн төслүүд өргөн мэдүүллээ.


Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр (цаашид “Ерөнхий хэлэлцээр” гэх)-ийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан. Энэ нь хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх анхны бүс нутгийн хэлэлцээр болсон юм.

Хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг илүү үр ашигтай, ил тод болгохын зэрэгцээ хууль, дүрэм журам сахих явдлыг сайжруулах үүднээс худалдааны холбоотой цахим өгөгдөл, бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон дэд бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ болон бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбоо, уялдааг хангахад оршино. Цаасан хэлбэрээс цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, хүртээмжтэй болгоно.

Энэхүү Ерөнхий хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсноор экспорт, импортын бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, худалдааны горимоо хөнгөвчлөх, транзит тээврийн хугацааг богиносгох замаар худалдааны зардлыг бууруулахын зэрэгцээ санхүүгийн хууль бус урсгал, татвараас зугтах, худал мэдүүлэх зэрэг явдлыг багасгахад ач холбогдолтой.

Монгол Улсын нэгдэн орсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх, мөн энэхүү Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд боловсруулсан техникийн болон эрх зүйн загвар баримт бичиг, зааврыг үндэслэн хил дамнасан цаасгүй гадаад худалдааг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.


Олон улсын автотээврийн гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Олон улсын автотээврийн гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 59 конвенц, гэрээ, хэлэлцээрийн нэг болох жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)” нь НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссын ивээл дор 1962 онд анх боловсруулагдаж, 1976 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон.

Уг хэлэлцээрт ЕХ-ны гишүүн улсууд, ОХУ, Казахстан, Албани, Армен, Тажикстан, Турк, Туркменистан, Узбекстан зэрэг 50 гаруй улс нэгдсэн бөгөөд хэлэлцээрийн зорилго нь тахографын төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын цагийг тодорхойлох дүрэм, журмын дагуу олон улсын ачаа, зорчигч тээврийн замын хөдөлгөөнд учирч буй аюул, осол, саад бэрхшээлийг бууруулах явдал юм.Хэлэлцээрээр мэргэжлийн жолооч нарын ажил, амралтын цагийг зохицуулах бөгөөд жолоочийн ажил, амралтын цагийг хянах төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суурилуулах, угсрах, турших, хянах техникийн шаардлагуудыг тогтоож, хэрэгжүүлэгч байгууллагуудын жолоочийн ажлын цагийг шалгах шаардлагуудыг тодорхойлсон.

Хэлэлцээрт нэгдэн орсноор олон улсын болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хууль, эрх зүйн орчин сайжрах, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэм мөрдөгдөж, хөдөлмөрийн нөхцөл, шаардлагыг ханган ажиллах боломж бүрдэж, жолоочийн ядрах, сульдах зэрэг бие физиологийн байдлаас үүдэлтэй зам тээврийн осол, зөрчил буурч, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай болон Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *