Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 17 их наяд 312.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 19 их наяд 219.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 36.3 хувь байхаар тусгажээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 906.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон бөгөөд энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудтай бүрэн нийцэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Хуулийн төсөлтэй хамт Өрийн удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг, өмнөх стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлангийн хамт боловсруулан өргөн барьсан байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд дэвшүүлсэн зорилтот болон тоон шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласнаар төсвийн сахилга бат сайжирч, Засгийн газрын өрийг мэдэгдэхүйц багассан үр дүнтэй байна. Тухайлбал, 2018 оны эцсээр Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 58.9 хувьтай тэнцэж байсан бол 2021 онд тус харьцаа 50.7 хувь болжээ. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг боломжит эрсдэлийн түвшинд, хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжихэд чиглэнэ гэж Сангийн сайд онцоллоо.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын гадаад өрийн хэмжээг тодруулав.

Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байгаа аж. Үүнд зөвхөн Засгийн газрын баталгаат өр орж байгаа бөгөөд Оюутолгой болон бусад төрийн өмчит компанийн өр ороогүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Тэрбээр, “Бондын өр 2.7 тэрбум, зээл 5.8 тэрбум ам.доллар байна. Энэ бол олон улсын түншээс 1990 оноос хойш авсан 305 төслийн өрийн үлдэгдэл. Цаашдаа донор улсаас авдаг зээлийг багасгах, нэмж авахгүй бодлого барина. Олон талт хөгжлийн түншээс авах зээлийг зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас баталсан хөрөнгө оруулалтад л ашиглана” гэв.

Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг ирэх оны төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн байна хэмээн шүүмжлэв. Мөн төсвийн зарлагыг бууруулах шаардлагатай байна гэлээ.

Төсвийн зарлагад урсгал зардал, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслийн зардал, төсвийн хөрөнгө оруулалтын зардал тусгасан байна. Мөн өмнөх оноос шилжих хөрөнгө оруулалтын зардал багтсаныг Сангийн сайд онцоллоо. Тэрбээр, “Ирэх онд шинэ хөрөнгө оруулалтаас аль болох татгалзаж, хуримтлагдсан байгаа шилжих, он дамжих төслүүдийг дуусгах нь чухал” хэмээсэн юм.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, 14.00 цагт үргэлжлэх болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *