Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуй нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын 17-ны өдөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгав. Орхон багийн нутагт таван компанийн 190 гаруй ажилтан 66 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 га-д техникийн, 25 га-д биологийн, нийт 110 га талбайд нөхөн сэргээлт тус тус хийжээ. Төлөвлөгөө ёсоор “БМНС” ХХК нийт 48 га талбайд нөхөн сэргээлт хийхээс 34 га-д гүйцэтгэл хийж, үлдсэн 14 га талбайг ирэх сарын нэгэн гэхэд нөхөн сэргээж дуусгана гэжээ. “Улз” ХХК-ийн хувьд 64 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол “Алтай голд” ХХК 15 га-аас 9 га-д, “Батдөлгөөнмөрөн” ХХК 3 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийгээд байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой. Засгийн газрын шийдвэр гарснаас хойшхи 24 хоногт 110 га талбайг ийнхүү нөхөн сэргээсэн аж ахуй нэгжүүдэд цаг агаар хүйтэртэл нөхөн сэргээлтийг үргэлжлүүлж, шахуу хувиараар ажиллан бүх талбайг нөхөн сэргээхийг чиглэл болгов. Олборлолт хийж байсан талбайг цагдаагийн хамгаалалтад авч, нөхөн сэргээлтийг явуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.