Categories
мэдээ улс-төр

“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.03.30) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн танилцуулгыг өргөн барилаа.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг яам холбогдох агентлагуудаас авч нэгтгэн, үнэлгээ хийж, 2017 оны байдлаар нэгтгэн танилцуулж байгаа аж.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 44.6 хувьтай гарчээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлогоор нь авч үзвэл:

ØЭдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-53.9 хувь

ØЭдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого-39.8 хувь

ØНийгмийн бодлого-46 хувь

ØБайгаль орчин, ногоон хөгжлийн бодлого-41.2 хувь

ØЗасаглалын бодлого-47.2 хувьтай гарсан байна.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк, санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх, хууль сахиулах байгууллагуудын болон төрийн албаны тогтвортой байдлыг хангах зорилгоор эрх зүйн орчныг шинэчлэх, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллажээ. 2017 оны статистикийн дүнгээр эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрч, төсвийн алдагдал 2 дахин буурсан, инфляци 6.9 хувь, ажилгүйдлийн түвшин 7.3 хувьтай, гадаад валютын албан нөөц 3 тэрбум доллар, гадаадын хөрөнгө оруулалт 1.3 тэрбум доллар болж өссөн зэрэг эерэг өөрчлөлтүүд манай улсын эдийн засагт гарсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *