Categories
мэдээ нийгэм

Засгийн газраас Амны хаалтыг үнэгүй тарааж, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохыг шаардав

Ардчилсан оюутны холбоо, Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбооноос Эерэг хандлага түгээгч залуус ТББ нэгдэн шинэ коронавирустэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт таван шаардлагыг санал, шаардлага хүргүүлж уриалга гаргалаа.

Тэд гаднын улс, орон коронавирустэй хэрхэн тэмцэж, ард түмнээ хамгаалж буй талаарх туршлагуудаас авч хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн юм.

Ардчилсан оюутны холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж: Дэлхий нийтээр аюул дагуулж буй коронавирустэй тэмцэхээр дэлхийн улс орнууд томоохон алхмууд хийсэн байна. Энэ үүднээс ч монголын ирээдүй болсон залуус бид Засгийн газраас гаргаж буй мэдээлэлд итгэх ёстой гэж бодож байна.

Мөн бид өнөөдөр олон улсад хэрэгжүүлж буй туршлагуудыг манай улсын Засгийн газар заавал хэрэгжүүлэхийг санал болгож байна” гэв.

  1. Стандартад нийцэн амны хаалтыг бүх ард түмэнд үнэгүй тараахыг,
  2. Амны хаалтын үнийн өсөлтийг зогсоох,
  3. БНХАУ-ын суралцаж байгаа оюутнуудыг яаралтай эх оронд нь авчрах,
  4. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ажлын цагийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд багасгах эсвэл цалинтай чөлөө олгох,
  5. Алслагдсан бүсэд амьдарч буй оюутнуудын замын зардлыг нөхөн олгох санал, шаардлагыг тэд Засгийн газарт тавьж байгаа аж.

Мөн тэрбээр “Дэлхийн улс орнууд коронавирусээс хамгаалахын тулд томоохон худалдааны төвүүд болон эмийн сангаараа дамжуулан нэг удаагийн амны хаалтыг үнэгүй тарааж байна. Гэтэл Монголд энэ байдал эсрэгээрээ буюу энгийн үед 150 төгрөгөөр зарагддаг амны хаалт өвчлөл гараад эхлэнгүүт л үнэ нь нэмэгдэж, 500-1,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Үүнд Засгийн газар, ШӨХТГазар анхаарлаа хандуулж, хэрэглэгчид бидний эрх ашгийг хамгаалах ёстой.

“1,000 төгрөгийг өөрийн эрүүл мэндийн төлөө зарцуулж чадахгүй байхдаа яах вэ” гэж хэлэх зарим олигархууд байж магадгүй. Гэтэл өнөөдөр нэг талхаа хүртэл хувааж, хоолонд хэрэглэх тосоо граммаар худалдаж авдаг айл олон бий гэдгийг сануулья. Мөн БНХАУ-ын суралцаж байгаа оюутнуудыг авчирна гэж яриад л байгаа. Та бүхэн ингэж ярьсаар байтал тэр иргэддээ халдварт өвчин өгчих вий дээ. Тиймээс яаралтай авчрах шаардлагатай. Түүнчлэн Малайз улсад 0-10 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн аль нэгийг тодорхой хугацаанд ажлаас нь чөлөөлж хүүхдээ асран хамгаалах хэрэгтэйг зөвлөж байна. Үүнийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 онд гаргасан 102 тогтоолоор их, дээд сургуулийн 501 км-ээс дээш зайд орших алслагдсан орон нутагт амьдардаг оюутны замын зардлыг төрөөс даана гэсэн байдаг. Энэ заалтаа үндэслэж гуравдугаар сарын 2-нд орон нутгаас ирэх оюутанд зардлыг нь өгөхийг шаардаж байна” гэсэн юм.

Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбооны Дэд тэргүүн С.Цэрэнлхам “Хилийн чанадад сурч байгаа Монгол Оюутны биеийн байдал хэвийн байна.

Мөн коронавирус гарсан улсын сургууль болон оффисийн зүгээс амны хаалт тарааж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа талаар бидэнд мэдээлсэн” гэсэн юм. Тэрбээр “Маргаашаас бид утааны цэгүүд худалдааны төвүүдээр 10 мянга гаруй маскийг үнэ төлбөргүй тараана” гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын иргэдэд хандан:

  • Нас харгалзахгүйгээр гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө амны хаалт заавал хэрэглэх,
  • Төрийн болон хувийн ААН-д үйлчлүүлэгч нарт үнэ төлбөргүй маск өгөх аяныг эхлүүлэх,
  • Гадаадад сурч буй 100 мянга гаруй оюутнуудыг харь улс иргэдээ коронавирусээс хэрхэн хамгаалж буй талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхийг уриалав.

Тэд энэ долоо хоногт их, дээд сургуулийн дотуур байруудаар явж, оюутнууд ямар нөхцөлд, хэрхэн коронавирусээс урьдчилан сэргийлэх тал дээр арга хэмжээ авч байгаа талаарх мэдээллийг хүргэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *