Засгийн газрын 41 дүгээр хуралдаан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнгөрсөн баасан гаригт болов. Засгийн газар суманд анх удаа хуралдаж буй. Хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нараас бусад нь оролцлоо. Мөн Булган аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох албаны хүмүүс иржээ. Засгийн газар суманд анх удаа хуралдахдаа Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөлийн Тариалан хүртэл баригдаж буй замын ажилтай газар дээр нь танилцсан. 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн бөгөөд энэ жил дөрвөн аймгийн төвийг холбож дуусгах юм. Мөн Засгийн газраас “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ жил 16 суманд уг төсөл хэрэгжих бөгөөд тэдгээрийн нэг нь Хутаг-Өндөр сум. Таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлэхээр болсон Хутаг-Өндөрт болсон Засгийн газрын хуралдааны эхэнд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Хутаг-Өндөр сумын Засаг дарга Б.Жаргалсайхан нар аймаг, сумынхаа нийгэм, эдийн засаг болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Түүний дараагаар Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явцын талаар танилцуулав. Ажлын явц ямархуу байгаа талаар Зам, тээврийн сайд А.Гансүх “Өмнөговь аймгийн зам энэ наймдугаар сард ашиглалтад орно. Бусад замыг гэрээт хугацаанд нь буюу ондоо багтааж ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна.Эдгээр замын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн.Зам барилгын компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй. Энэ асуудалд Зам, тээврийн яам гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Харин Хөвсгөлийн замыг барьж буй гүйцэтгэгч нартай газар дээр нь ирж уулзлаа. Замаа хурдан дуусгах талаар тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Наймдугаар сарын 30 гэхэд тодорхой ажлыг гүйцэтгэж амжихгүй бол өөр компани руу ажлыг нь шилжүүлэхээр болсон” гэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гүйцэтгэгч компанийн захирал болон салбарын сайдад нь хандаж ажлаа энэ онд багтааж дуусгахыг анхааруулсан юм.
“Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа. Энэ жил 16 суманд хэрэгжих төслийн хүрээнд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг тухайн аймаг, орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, хуулийн дагуу тендер зарлаад буй. Энэ хүрээнд 10 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, 20 гүний худаг, усан сан, цэвэр болон бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, дулааны станц барьж байгуулахаар төлөвлөжээ.Төсөл хэрэгжсэнээр төсөлд хамрагдсан сумдын 43 мянга орчим хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын шугамд холбогдохын зэрэгцээ төвлөрсөн дулаан хангамжтай, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломжтой болох юм. Сумын төвийн шинэчлэл төсөлд хамрагдсан Булганы Хутаг-Өндөр суманд л гэхэд цэвэр усны 4270 м, бохир усны 4300 м, гадна цахилгааны 9100 м агаарын шугам, цэвэрлэх байгууламж, гүний худаг, насосны станц, 1,5 км автозам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт арьс ширний гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг арьс ширний бэлтгэлтэй уялдуулан шуурхай зохион байгуулахыг салбарын сайдад нь даалгав. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус салбарт хэрэгжүүлэх “Сүүний хөргөлтийн төв” байгуулах, “Хөдөө аж ахуйн трактор, техник худалдан авах”, “Үр тарианы элеватор байгуулах” төслүүдийн тусгайлсан гэрээ байгуулах бэлтгэл хангахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт үүрэг болгосон юм.
“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймгуудын Нэгдсэн эмнэлэгт оношилгооны төв байгуулж, аймаг, сумын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр хөдөө, орон нутгийн иргэд орон нутагтаа өндөр техник технологийн аппарат, тоног төхөөрөмжөөр оношилгоо хийлгэх, эмчлүүлэх нөхцөл боломж сайжирсан нь хот зорин зардал гаргаж, чирэгдэл болох, иргэдийн эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамтыг бууруулсан ач холбогдолтой. Нөгөө талаасаа хотын эмнэлэг, төвүүдийн ачаалал тодорхой хэмжээгээр буурч байна гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.Танилцуулгатай холбогдуулан яамд, орон нутгийн удирдлага хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, Хүн амын эрүүл мэндийн төлөөх түншлэлийн баримт бичигт тусгагдсан өөрийн салбарын ажлыг хэрэгжүүлэн хамтран ажиллахыг сайд, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.
Суманд анх удаа хуралдаж буй Засгийн газрын хуралдаанд Хутаг-Өндөр болон харьяа сумын ард иргэд оролцсон. Орон нутгийн хөгжлийн сан, Сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм. Зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн хөрөнгөөр сум, багийн хэмжээнд ямар ажил хийж бүтээснээ тайлагнадаг болох нь зүйтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлов. Харин Булган аймагт тулгамдаж буй гурван гол асуудалтай газар дээр нь танилцахаар болсон юм. Булганд 60 хувийн гүйцэтгэлтэй дулааны цахилгаан станц бий. Түүнийг дуусгаж өгөхийг тус аймгийн Засаг дарга Засгийн газрын тэргүүнээс хүссэн юм. Мөн Тэшиг сумын боомтын үйл ажиллагааг дахин сэргээж өгөхийг хүслээ. Эдгээр асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.
С.АЛТАНЦЭЦЭГ