Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.02.01) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 25 минутад эхэлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ж.Энхбаяр, Б.Баттөмөр, Н.Оюундарь нар хуулийн төслүүдийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, ахмадуудын орлого, амьдралын баталгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийх тул нарийн тооцоо судалгаанд үндэслэн, нухацтай ажиллаж шийдвэр гаргах нь зүйтэй гэж Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайдтай ойлголцсон хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ. Одоогийн хуульд “… Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно…” хэмээн заасан байдаг. Эл зохицуулалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж бусад жилийнхээ цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна хэмээн хууль санаачлагч үзсэн байна. Иймд 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд нэг жилээр, 2020 онд нэг жилээр нэмж долоон жил болгох зохицуулалт хийхээр төсөлд тусгасан байгааг дэмжихгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв. Сангийн сайдын тайлбарлаж байгаа шиг нөхцөл байдал тулгарсан бол асуудлыг судалж, эрх зүйн өөрчлөлтийг хийх шаардлагатай бол ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчлахаар төсөлд тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгаа бөгөөд туршлагатай ахмад ажилтнуудад сонголт хийх боломжийг олгон, үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж буй ач холбогдолтойг тэрбээр тэмдэглэн хэлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг төрийн тусгай албан хаагчид буюу цэрэг, цагдаагийн байгууллагын албан хаагчдыг бусад салбарын албан хаагчидтай адилтгах боломжгүй. Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хугацааг 7 жил болгон сунгаж буй нь цэргийн албан хаагчдын нийгмийн баталгааг бууруулах эрсдэлтэй. Иймд төсөл дэх энэ зохицуулалтад цэргийн албан хаагчдыг хамруулахгүй байх саналаа илэрхийлж, салбарын яам анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр эдийн засгийн нөхцөл байдал 2016-2017 оны үеэс сайжирч байгааг тэмдэглээд “Цаашдаа цалин нэмэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэх, гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг эерэг үр дагавар гарах нь дамжиггүй. Монгол Улс хямралаас гараад удаагүй байгаа, хэн нэгний бодлогогүй мэдэгдэл, хариуцлагагүй үйлдлээс болоод нийтээрээ хохирч эргээд эдийн засгийн нөхцөл хүндэрч болзошгүй эмзэг байна” гэдгийг онцолсон юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай эрх зүйн зохицуулалтыг ярьж байгаа учир тэтгэвэр тогтоох, тооцох итгэлцүүрийг эргэж харах саналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Сангийн сайдад хэлсэн. Мөн 7 жил болгох зохицуулалтыг ямар үндэслэлээр гаргав, олон улсад жишиг нь 10 жил байдаг, харин энэ нь Монгол Улсын нөхцөлд зохицох уу гэдгийг сайтар тооцох нь зүйтэй гэлээ. Түүнчлэн Н.Оюундарь гишүүн Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны зарчмыг өөрчлөх, хуримтлалын мөнгийг эргэлтэд оруулах тодорхой саналуудыг хэлсэн юм. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэлж дууссаны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛ БАТЛАГДАВ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хийсэн юм.

Байнгын хороо нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан байна. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжснээр тогтоол батлагдав.

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуульд нийцүүлж төслийн зарим зүйл, заалтууд дахь нэг томъёог өөрчлөх, даатгалын хураамж тооцох аргачлалд банкны эрсдлийн түвшинг тооцохдоо хяналт шалгалтын үнэлгээ, хадгаламжийн хүүгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж болох чиглэлээр төсөлд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Эдгээр саналыг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Хадгаламжийн даатгалын корпорацид хяналтын эрх байх шаардлагагүй тул төслөөс үүнтэй холбоотой бүх зүйл, заалтыг хасах санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжээгүй байна. Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал дүгнэлтээ ирүүлсэн талаар танилцуулгад дурдсан.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нарын асуултад Байнгын хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ нар хариулт өгсөн юм. Монгол Улсын нийт харилцах хадгаламжийн хэмжээ 17.5 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 4.3 их наяд төгрөгийн хадгаламж даатгуулсан байдаг талаар Б.Баттөмөр гишүүн мэдээлэл өглөө. Сангийн хөрөнгө 337 тэрбум төгрөг бөгөөд нийт харилцах хадгаламжтайгаа харьцуулахаар энэ нь 1.88 хувь, даатгагдсан хадгаламжийн хэмжээтэй харьцуулахад 7.8 хувь байдаг байна. 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсаны дагуу банкуудаас төвлөрүүлсэн хураамж, Монголбанк болон Сангийн яамнаас өгсөн хөрөнгө, тэдгээрийг хуульд заасны дагуу Засгийн газрын үнэт цаас, Төв банкны үнэт цаас болгон байршуулсны өгөөж нийлээд өнөөдрийн байдлаар сангийн хөрөнгө 337 тэрбум төгрөг байгаа гэлээ. Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд юм. Корпораци даатгалтай хадгаламжийн харилцааг хариуцан ажилладаг бөгөөд хүүг даатгахгүй, харин хадгаламжийг даатгадаг байна. Байгууллага 29 ажилтантай бөгөөд даатгалын тохиолдол үүсвэл хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар даатгалын тохиолдол үүсээгүй гэдгийг корпорацийн удирдлагын зүгээс танилцууллаа. Ийнхүү Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ

Хуралдааны төгсгөлд “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол УлсынЗасгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, уг хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нар танилцуулсан юм.

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-гаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, үүнээс 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй авах юм байна. Энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа, харин 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

Шинээр авах зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримталж байгаа хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулав. Байнгын хороогоор төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс энэхүү зээлийг үр ашигтай төсөлд зарцуулах, ялангуяа агаар орчны бохирдлыг бууруулах, утааны эх үүсвэртэй тэмцэх, орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийн төсөл зэрэг бодитой хөгжлийн төслүүдэд зарцуулахад Засгийн газар анхаарах шаардлагатай гэдэг саналыг илэрхийлэн, төслийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, М.Билэгт, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат нар Сангийн сайдаас асуулт асууж хариулт авлаа. Ингээд хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь нь дэмжив. Иймд хуулийн эцсийн найруулгын сонсоноор энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *