Categories
мэдээ цаг-үе

Засаг төрийн мэргэн түшээ, зангарагтай зүтгэлтний жинхэнэ жишээ

Энэ хүний нэрийг хэлэлгүй хэдхэн тодотгол хэлэхэд хэний тухай яриа өрнөх гэж буйг Та хялбархан ойлгох болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дөрвөн удаа, Цэцийн даргаар хоёр удаа сонгогдсон, үндсэн хуулийн цэц хэмээх шүүх засаглалын оргил байгууллагад 26 жил ажилласан нэг л эрхэм байдаг нь тэр аж.

Энэ хүн бол Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор, Монголын үндэсний Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Монголын эрх зүйн боловсролын академийн Ерөнхийлөгч Наваанпэрэнлэйн Жанцан бөлгөө. Хүмүүс харин түүнийг “Цэцийн Жанцан” л гэдэг юм.

Н.Жанцан шинэ Үндсэн хууль боловсруулж эх барьж авахад биечлэн оролцсон хүмүүсийн нэг. 1990 оны намар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдсоноос түүний шинэ цагийн намтар эхэлсэн. Тэрбээр 1990-1992 оны зурвас үед ардчилал зах зээлд шилжих эрх зүйн үндсийг бий болгох, түүний дотор шинэ цагийн Үндсэн хууль боловсруулах үйлсэд санаагаа сааж, ухаанаа уралдуулж оролцов. Ялангуяа иргэний болон эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, өмч хувьчлалын, албан татварын, хөдөлмөрийн, тэтгэврийн хуулиудыг боловсруулж гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Улсын Бага Хурал түүхэн үүргээ биелүүлэн дуусч байх үед Үндсэн хуульд заасны дагуу Цэцийн анхны гишүүдийг 1992 оны долдугаар сарын 1-нд томилоход байнгын ажиллагаатай анхны парламентын гишүүд өөрсдийнхөө дундаас Н.Жанцанг Цэцийн гишүүнээр томилсон байдаг. Түүнийг анх нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч П.Очирбат байсан бөгөөд тэрбээр нэгэн дурсамждаа “Тэр үед Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх өөрийн хувьд ногдсон гурван хүний нэгд Жанцангийн нэрийг дэвшүүлж байсан юм. Хожим нь өнөө Жанцантайгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн гээд хоёул сууж байх юм гэж тэр үед яаж төсөөлөх билээ, зүүдэнд ч орохгүй шүү дээ. Би энэ хүнийг улс төрийн маш их ноён нуруутай, соёлтой, хуулийн асар их мэдлэг, туршлагатай, ер нь Монгол Улсын нийгэм, улс төр, эрх зүйн салбарт үнэ цэнтэй ховор хүний нэг гэж хүндэтгэж, бодож явдаг” хэмээн дурссан буй.

Н.Жанцан Цэцийн гишүүн болсон төдийгүй Цэцийн үйл ажиллагааг эхлүүлж шан татах үүрэг түүнд оногдсон юм.

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн И.Бадарчийн мэдээллээр Үндсэн хуулийн цэцийн анхны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж, 1992 оны арванхоёрдугаар сарын 2-нд хийсэн хуралдаанаар Орон нутгийн харьяалалтай зарим хот, хороодыг тухайн нутаг дэвсгэрийн суманд нь нэгтгэх тухай УИХ-ын 1992 оны наймдугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргасан нь Цэцийн үйл ажиллагааны эхлэл байв.

Үүнээс хойш Н.Жанцан Цэцийн гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдоод буй. Ийм хүн түүнээс өөр байхгүй. Цэцийн анхны даргаар сонгогдох магадлал 1992 онд түүнд их байсан ч багш Г.Совдтойгоо өрсөлдөхөөс татгалзжээ. Ийм боломж 1996 онд Н.Жанцанд хоёр дахиа тохиосон ч мөн л ийм шалтгаанаар нэрээ татав. 1998 онд Цэцийн даргын сонгуульд гурав дахь удаагаа оролцож сонгогдсон байна. Үндсэн хуулийн цэцийн даргыг нууцаар санал хурааж сонгодог бөгөөд Н.Жанцан хоёр удаа энэ албыг хашихдаа 100 хувийн санал авсан, ийм явдал өнөө хэр нь давтагдаагүй байна. Хуулиар Цэцийн даргаар гурван удаа сонгогдох ёсгүй тул дараа нь орлогч даргаар ажиллажээ.

Түүхийн ухааны доктор Ч.Болдбаатар “1990 оны тавдугаар сард улс төрийн намуудын төлөөлөгч, эрх баригчдын хооронд болсон дугуй ширээний хэлэлцээрт Н.Жанцан намаа (МАХН) төлөөлөн оролцсон юм. Энэхүү хэлэлцээр нь эрх баригчид болон өөр өөрийн байр суурь, үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүдийг үндэсний зөвшилцөлд хүргэх ихээхэн ач холбогдолтой түүхэн үйл явц байсан” гэж бичжээ.

Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намын үүргийг дөвийлгөсөн, Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болох тухай гэх мэт заалтууд орсон нь өнөө хүртэл маргаан тарьсаар байгаа билээ. Тухайн үеийн эрх баригчид Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож Н.Жанцан болон бусад гишүүд рүү элдвээр дайрч байв. Түүгээр ч барахгүй улстөрчид, сэтгүүлчид гудамжинд явж байсан хүнээр “Жанцан ДОХ хоёртой тэмцье” гэж хэлүүлэн түүнийг шүүхэд хүртэл өгч байлаа. Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч нь Н.Жанцанг байцаахыг санаархахад “Нэг шүүхийн үйл ажиллагаанд нөгөө шүүх нь оролцох эрхгүй байдаг эгэл үнэнийг мэдэхгүй олон жил шүүхэд ажиллаж дээ, та гэж хэлээд уг хэл амыг дарж байжээ.

Н.Жанцан Үндсэн хуулийг тууштай хамгаалагч, түүний талд бат зогсдог гэж хэлж болно. Тэрбээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Үндсэн хууль бол бидний амьдарч буй нийгмийн тодорхойлолт, засаглах эрх мэдлийн хязгаар юм. Нийгэмд дагаж мөрдөж буй бүх хуулийн “эцэг”. Манай Үндсэн хууль олон улсын түвшинд боловсруулагдсан, түүнд байгаа дутагдал өчүүхэн, засах боломжтой. Үндсэн хуулиа мэдэх, сахихад оршин буй дутагдал илүү гүнзгий, бугшмал шинжтэй гэж хэлсэн байдаг. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийг ардчилсан төрийн дархлаа гэж үздэг. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага одоо бий болсон, хууль баталснаас хойш чамгүй хугацаа өнгөрсөн, нийгмийн амьдрал хурдан өөрчлөгдөж байгаа болохоор түүнд ийм, тийм өөрчлөлт оруулах нь зүйтэй гэх бодол хууль тогтоогчдод төрөхийг үгүйсгэхгүй. Харин өөрчлөх зайлшгүй шаардлагатай цэгээ зөв олох нь чухал” гэсэн бодолтой явдгаа хэлж байсан.

Улсын Бага Хурал тарах үед парламентын гишүүн болохоор дахин нэрээ дэвшүүлж сонгуульд оролцох, нэгэнт нэр дэвшчихээд байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдох гэсэн хоёр сонголт Н.Жанцанд тулгарахад улс төр хөөж, азаа сорьсноос мэргэжлийнхээ дагуу Үндсэн хуулиа манах, шүүх засаглалын оргил байгууллагад ажиллах нь эрхэм гэж үзсэн юм. Түүнийг “асуудлын хийг гаргаж, нийгмийн нухацтай нотолгоо баталгаа гаргаж, голч чигч гаргалгаа хийж чаддаг” гэж оюутан цагаас нь мэдэх, Цэцэд 12 жил хамт ажилласан академич Ж.Болдбаатар үнэлсэн байх юм билээ.

Н.Жанцан манай нэртэй эрдэмтэн, судлаач хүн. Ялангуяа криминологийн (гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах) ухааныг Монгол Улсад хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, энэ салбартаа цээжинд яваа хүн нь гэж үздэг. Энэ сэдвээр их, дээд сургуулийн сурах бичиг, “Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдэж буй гэмт явдлын шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол, практикийн асуудал”, “Монгол Улсын анхны байнгын парламент”, “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн товчоон”, “Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” зэрэг 50 гаруй бүтээл туурвисны зарим нь ОХУ, Польш, Герман Улсад хэвлэгдсэн байна.

“БНМАУ-д насан хүрээгүй хүмүүсийн үйлдэж буй гэмт явдалтай тэмцэх орчин цагийн асуудал” сэдвээр ЗХУ-д Бүх Холбоотын хуулийн хүрээлэнд докторын зэрэг 1981 онд хамгаалжээ.

Н.Жанцан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор. Тэрбээр их, дээд сургуульд олон жил багшилж, ХБНГУ-аас санхүүжүүлсэн Эрх зүйн боловсролын академийн захирлаар ажиллаж, эрх зүйч бэлтгэх, хуульчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн зүтгэл гаргажээ. Мөн Их Засаг их сургууль, Улаанбаатар эрдэм, Түшээ дээд сургуулиудын эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж ирсэн байна. Монгол Улсад өнөөгийн байдлаар хууль зүйн шинжлэх ухааны хөгжил зогсонги байна. Энэ нь эрдэм шинжилгээний дагнасан байгууллага байхгүйтэй холбоотой гэж судлаачийн хувьд үзэж явдаг юм.

Н.Жанцангийн тухай өгүүлэхэд орхиж боломгүй нэг зүйл байдаг нь түүний хобби юм. Тэрбээр моринд хорхойтой, морь уядаг, Сүхбаатар аймгийн Алдарт уяач хүн. Багаасаа хурдан морь унаж, 10 настайгаасаа аавтайгаа морь уяж байсан гэж ярьсан байдаг. Цалин мөнгөн хэмээх цагаан бор хүлэг нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадамд айрагдаж эзэндээ энэ цолыг авч өгсөн гэдэг.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо “Жанцан гуай бол зөвхөн төр, нийгмийн зүтгэлтэн биш, монголын соёлын өвийг тээгч” гэж хэлсэн байдаг. Тийм ч учраас Н.Жанцан Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоог тэргүүлэн энэ чиглэлээр болсон олон улсын хурал, арга хэмжээнд оролцож байдаг хүн. Тус холбоо нь Монгол хүмүүсийн гар дээр байгаа эртний ховор, нандин эдлэлийг гадагш гаргахгүй эх оронд нь байлгах, олон улсын үзэсгэлэнд оролцож Монгол Улсаа сурталчлах ажлыг нэг гол зорилгоо болгодог. Н.Жанцангийн цуглуулгад XIII зууны Их Монгол Улсын хаадын зооснууд, XVIII зууны үед нэгэн монгол хүн ур, ухаанаа шингээн урласан чүдэнзний модны чинээ хайрцагтай зөвхөн өсгөдөг шилээр хардаг модон шатар бий гэдэг.

Н.Жанцангийн өөрийнх нь ярьснаас үзвэл хөөрөг цуглуулах нь нэлээд хүч сорьсон хобби нь юм байна. Энэ чиглэлээр хоёр ч ном гаргасан. Олон улсын дуудлага худалдаанд шүүгчээр уригдаж оролцсон байна.

Тэрбээр марк цуглуулагчийн хувьд дэлхийд танигдсан хүн гэж хэлж болно. Түүнд Монгол маркны иж бүрэн цуглуулга бий. Надтай өрсөлдөх хэмжээний цуглуулгатай хүн Монголд тун ховор гэж нэгэнтээ ам алдсан байдаг. Монголын ховор, онц ховор маркууд ихэвчлэн гадаадад гарчихсан байдгаас тэрээр дуудлага худалдаанаас үнэ хаялцаж байж авдаг байна. Өөрийнхөө цуглуулгад тулгуурлан 2015 онд ховор марк, мөнгөн тэмдэгтийн талаар судалгааны чанартай ном туурвисан нь “Сингапур-2015” дэлхийн маркны үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртжээ. Мөн Хонг Конгод болсон Азийн олон улсын үзэсгэлэнгээс алтадсан мөнгөн медаль авч, уг ном хошой шагналтай болсон байдаг. Энэ нь монгол хүний хувьд анхны тохиолдол.

Н.Жанцан одоо төрийн нүсэр албанаас хөндийрч байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар сүүлчийн хуралдаанаа даргалан хийлгэлээ.

Энэ хүнийг эрхэмлэн хүндэлдэг, багшаа гэж дууддаг хүмүүсийн хүрээ их өргөн, түүнтэй уулзаж ярилцахыг хүсдэг хүмүүс ч олон байдгийг миний бие мэдэх билээ. Олноо хүндлэгдэнэ гэдэг бас л энэ байх.

Маргашгүйгээр энэ хүн засаг төрийн мэргэн түшээ, зангарагтай төрийн зүтгэлтний жинхэнэ жишээ билээ.

И.Рэнчинханд


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *