Жуулчны гудамжийн авто замыг өргөтгөн шинэчилж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3-р хороо Жуулчны гудамжинд байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү, зэс хөөмөл баримлуудыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу “Гэсэр” сүмийн уулзварт байрлуулахаар шийдвэрлэв. Үлдсэн 8 баримлыг шилжүүлэх хүртэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хариуцан өөрийн байгууллагын хашаанд байрлуулж хадгалах юм байна.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн. Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 км гүүртэй болох юм. Түүнчлэн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ. Энэ ажилтай холбоотойгоор орчны тохижилт, байр зүйн хувьд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг шилжүүлэх шаардлага гарсан байна. Ж.Лхагвасүрэн жанжины хүүтэй нь Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал уулзан саналыг нь сонсоход баруун тийш шилжүүлэн өндөрсгөхийг зөвшөөрчээ. НИТХ-ын Тэргүүлэгчдээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш шилжүүлэн, суурийг бага зэрэг өндөрлөж байрлуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”-ийн Хотын төв дэд төслийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчилнэ. Тиймээс Л.Энэбиш агсны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болжээ.