УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр /2019.10.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд олон байдаг. 2019 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 21.1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. Эдгээрээс 14.5 мянга нь олон хүүхэд төрүүлсэн эх, 3.8 мянга нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүс 2019 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан хуулийн төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудлыг хөндсөн байна. Өнөөгийн байдлаар, 2.9 мянган эрэгтэй 32 жил ажиллан 55 нас хүрээд тэтгэвэртэй гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар, дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн 80.2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж тэтгэврээс /374.8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байна.
Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцоллоо.