Categories
мэдээ нийгэм

Зарим чиглэлийн замуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2015 оны өмнөхөн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай буюу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан. Энэхүү мэдээллийг жолооч та бүхэнд эргэн сануулах зорилгоор дахин хүргэж байна.

Тодруулга: Энэхүү журам нь сар шинийн баяр угтаж Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс авч хэрэгжүүлж буй тэгш болон сондгой дугаарын хязгаарлах журам хэрэгжиж байгаа амралтын өдрүүдэд хамаарахгүй болно.


Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07-22 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчилж байгаа. Тус зохицуулалт үйлчилж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80.1 км авто зам шинээр ашиглалтад оруулж, 144.7 км авто замыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохио суурилуулсан байна.

Мөн нийслэлийн иргэдээс дугаарын хязгаарлалтыг цаг, бүсчлэлд өөрчлөлт оруулах санал багагүй ирсэнийг үндэслэн дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулсан.

Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08-20 цаг, бүсчлэлийг өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15, зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр янз байхаар төлөвлөсөн байна. Саналд бүсчлэлийг зуны улиралд замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумисан байна.

Мөн өвлийн улиралд дараахь замууд дугаарын хязгаарлалтаас хасагдлаа. Сонгинохайрхан дүүрэг ямар ч дугаарын хязгаарлалтгүй, Тасганы овоогоос хойших зам, Хорооллын Бичилийн арын зам, Долоо буудлаас 32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх, Цайзаас Оффицеруудын ордон, Цайзаас КТМС хүртэлх замууд хасагджээ.

Энэхүү журам нь 2014 оны арванхоёрдугаар сарын 15-аас 2015 оны дөрөвдүгээр сарын 15-ыг хүртэл хэрэгжинэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *