Нийслэлд баригдаж байгаа барилгуудын хөдөлмөрийн аюулгүй
байдлын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн
газар хамтран мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 470 гаруй
барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд эдгээрээс 26 барилгын үйл ажиллагааг
зогсоох акт тавьж, торгууль шийтгэвэр ноогдуулсан ч үйл ажиллагаагаа хэвийн
явуулж буй компаниуд байгаа гэлээ. Тиймээс НМХГ-аас тус үйл ажиллагаагаа
зогсоохгүй хууль бусаар үргэлжлүүлсээр байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг
цуцлуулахаар Барилга хот байгуулалтын яаманд хандахаар болсон байна.
Энэ сарын 7-ны өдөр “S Development” ХХК-ийн захиалгаар
“Бо Бэ констракшн” гүйцэтгэж байсан барилга дээрээс гурван залуу унаж
амиа алдсан хэрэг гарсан билээ. Тухайн өдөр амиа алдсан залуус хөдөлмөр
хамгааллын нөхцөлтэй танилцсан хэмээн гарын үсэг зурсан баримт нь олдсон ба
цагдаагийн байгууллага бичиг хэргийн шинжилгээ хийж өөрсдийнх нь гарын үсэг яг
мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Мөн барилгын осол аваар гарахад
зөвхөн хөдөлмөр хамгааллын инженерт хариуцлага тооцоод байгаа талаар яригдах
болсон. Энэ талаар НЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга
Х.Баянтүмэн “Он гарсаар барилгаас хүн унаж нас барсан 14 тохиолдол гараад
байгаа. Энэ удаагийн хэргээр гурван хүн амь насаа алдаад байна. Мөрдөн байцаалт
эхэлсэн бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс захиалагч, гүйцэтгэгч, ажил
олгогч, хөдөлмөр хамгааллын инженер гээд бүх оролцогч талуудыг ажил үүргийн
хуваарийн дагуу шалгаж байгаа. Одоогийн байдлаар гүйцэтгэгч компанийн захиралд
эрүү үүсгээд байна” гэв
Ирэх долоо хоногоос НМХГ, НЦГ хамтран нийслэлд баригдаж буй
барилгуудаар хамтарсан шалгалт хийхээр болжээ.