Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист 4.3 сая ам.доллар буюу найман тэрбумаар зарагджээ

Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист “Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар 3.467.500 евро буюу 4.3 сая ам.доллараар зарагдлаа. Уг хүрэл цутгамлыг 200-300 мянган еврогоос дуудсан юм. Албан бус мэдээллээр уг бурханыг Тайванийн нэгэн иргэн худалдан авсан гэнэ. “Sotheby’s” компанийнхан дуудлага худалдааны мэдээллийг ихэд нууцалж, ямар хүмүүс уг худалдаанд үнэ хаялцсаныг мэдээлээгүй байна. Дуудлага худалдаа энэ сарын 11-нд манай цагаар 17 цагт эхэлсэн бөгөөд 20 цагийн үед өндөрлөж Монголын соёлын үнэт өв болсон Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан ойролцоогоор 8.1 тэрбум төгрөгөөр зарагдсан юм. Дуудлага худалдааны өмнөх өдөр энэ талаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээлж, олон нийтийн сонорт хүргэсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тухайн өдөр Францын талд дуудлага худалдаагаар уг бурханыг худалдахгүй байхыг хүсээд Ногоон дарь эх бурхан чухам ямар замаар явсаар дуудлага худалдаагаар зарагдахаар болж буйг тайлбарлахыг албан ёсоор хүсч, худалдааг зогсоох саналтай байгаагаа мэдэгдсэн. Гэтэл энэ хүсэлтийг Францын тал хүлээн аваагүй. Дуудлага худалдааны “Sotheby’s” компани нь дэлхийд энэ чиглэлээр алдартай байгууллага. Тус компани дуудлага худалдаагаар зарагдсан үнэт өв, ховор эд зүйлсийн жагсаалтаа жил бүр каталоги болгон гаргадаг юм байна.

Энэ компанийн дуудлага худалдаагаар сүүлийн жилүүдэд “Монголын Занабазарын хийц, дэгээр бүтээгдсэн” гэх тодотголтой хэд хэдэн бурхан зарагдсан юм байна. 2005 оноос хойш “Sotheby’s”-худалдаагаар “Занабазар сургууль” гэсэн тодотголтой 5-6 бурхан зарагджээ. Уржигдар Парис хотноо зарагдсан Ногоон дарь эхийн 30.7 см өндөртэй, хүрэл цутгамлыг “Sotheby’s” компанийнхан ямар нэг хууль бус аргаар олж авсан эд биш, бүх юм хууль ёсны дагуу болсон гэж тайлбарлажээ.

Монголын Засгийн газраас Занабазарын урлагийн бүтээлүүдийг 1920-иод оноос хойш худалдахыг хориглосон байдаг юм байна. Гэтэл “Sotheby’s” компанийн албан ёсны цахим хуудсан дээр эл Ногоон дарь эхийн цутгамлыг 1954 онд Жан Клаудэ Моро Гоборд гэх хүн Парист худалдаж авсан гэж танилцуулсан байсан нь монголчуудын анхаарлыг татсан. “Sotheby’s”-аар зарагдсан “Занабазарын сургууль” гэж тодотгосон бурхдын гарал үүслийн талаар бичсэн тайлбаруудыг харахад 1989 он, 1998 онд гадаадын ямар нэг иргэн хаанаас ч юм худалдаж авсан гэсэн байх юм.

2013 оны есдүгээр сард “Sotheby’s”-аар Занабазарын хийцийн Буддагийн алтадсан цутгамал 40-60 мянган ам.доллараар дуудагдаж 75 мянган ам.доллар хүрч зарагдаж байжээ. Өмнөх худалдаануудаас харахад Занабазарын гэх “шошго”-той ямар нэг бүтээл 4.3 сая ам.доллар хүрч байгаагүй аж.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ажилтнууд шуугиан тариад байгаа Ногоон дарь эх бурхны хүрэл цутгамлын зургийг хараад Занабазарын хийц мөн эсэх дээр санал хуваагдаад байгаа аж. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам энэ асуудлыг тодруулахаар Ажлын хэсэг байгуулахаар болсон.

Өндөр Гэгээний бурхан урлах, бүтээх арга нь Бутаныхтай төстэйг Францын түүхч, судлаач нар тогтоожээ. Учир нь Өндөр Гэгээн Бутан, Балбаас уран барималчид авчирч бурхан бүтээлгэж байсантай холбоотой гэж үздэг аж.

1960-аад он хүртэл Богд хааны ордон музейд Монголын соёлын өвийн сор болсон бүхий л бүтээл, эд зүйлс бөөнөөрөө хадгалагдаж байгаад бусад музей рүү тараагдсан түүхтэй гэнэ.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Түвд судлаачдын том хурал Монголд болсон. Уг хурлын үеэр судлаачид Богд хааны ордон музейд судалгаа шинжилгээ хийсэн байна. Энэ үеэр дэлхийн судлаачид “Энэ музей бол гайхамшигтай. Баялаг өвтэй юм байна. Дэлхий дээр ийм их үнэт үзмэртэй музей бараг байхгүй. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нь нийлүүлбэл нийтдээ энэ музей найман тэрбум еврогийн үнэтэй” гэж үнэлээд “Гэхдээ энэ байдлаараа байвал уг музей таван жилийн дараа нурж устана” гэж дүгнээд явжээ.

Занабазарын хийцтэй гэлтгүй Монголын соёлын үнэт өв, түүхийн чухал эд зүйлс янз бүрийн замаар хилийн чанадад гардаг. Гэхдээ эдгээрээс хамгийн том хоёр сувгийг зарим учир мэдэх хүмүүс хэлж байна. Социализмын үед зочилж ирсэн гадны орны зарим удирдагчдад түүхийн үнэт өвөө бэлэг дурсгал болгон барьж байсан тохиолдол байдаг гэнэ. Нөгөө нэг нь гадаадад үзэсгэлэн гаргах нэрээр түүх, соёлын үнэт өвүүдийг авч яваад дахиж эх оронд нь авчраагүй тохиолдол бий аж. Энэ тухай энэ чиглэлээр олон жил ажилласан нэгэн эх сурвалж өгүүлсэн юм. 1990-ээд оны дунд үед буюу 1994-1995 онд Монголын түүх, соёлын ховор үзмэрүүдийг гадаадад үзэсгэлэнд дэлгэж үзүүлнэ гэсэн нэрийдлээр авч явжээ. Тэдгээр үзмэрүүдийг буцааж авчраагүй бөгөөд энэ тухай мэдээллийг тухайн үед маш ихээр нууцалж, Гэгээрлийн яаманд ажиллаж байсан, энэ үйл явдлыг мэдэх гэрчүүдийг бүгдийг нь дуугүй болгож байжээ.

Хэрвээ энэ үнэн бол гадаадад дуудлагаар зарагдаж байгаа Монголын түүх, соёлын үнэт зүйлсүүд бүгдээрээ хуурамч түүхтэй болж таарах нь. Тэгвэл уржигдар зарагдсан, 1954 онд Парист худалдаж авсан гэгдээд буй Ногоон дарь эх маань 1995 оны үед эх орноосоо гараад эргэж ирээгүй үнэт зүйлсийн нэг болж мэдэх юм.

Богд хааны ордон музейг гадны судлаачид шагшин магтаж найман тэрбум еврогоор үнэлсэн нь зарим нэг шунахай сэтгэлтний шуналыг хөдөлгөж болзошгүй. Богд хааны ордон музейн тайлбарлагчаар ажиллаж байсан Г.Ням-Очир тус музейн харуул хамгаалалт, камерын систем нь муу гэдгийг хэлж байна. Тэрээр “Өндөр Гэгээний урласан бүтээлийг асар их үнээр худалдаж авсан нь түүнийг ямархуу уран барималч байсныг илтгэж байна. Түүнийг дэлхий биширч байна гэдгийг харуулсан үйл явдал боллоо. Ирэх жил түүний мэндэлсний 380 жилийн ой тохионо. Богд хааны ордон музейг яаралтай хамгаалалтдаа авах нь зүйтэй. Бүхэл бүтэн найман тэрбум еврогийн үнэтэй музей шүү дээ. Гэтэл хажууд нь баригдаж байгаа барилга байгууламж нь дөнгөж л 10, 20 сая ам.долларын л өртгөөр боссон. Богд хааны ордон музейг улс хамгаалалтдаа авахгүй бол Занабазарын хийцтэй урлагийн бүтээл гэлтгүй дахин давтагдашгүй олон зүйл устахдаа тулж байна” хэмээсэн юм.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *