Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХДЗХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Замын-Үүд дахь ажил хариуцсан дарга нарыг чөлөөлж, өөр хүмүүс томилж байгаа талаар дөнгөж сая мэдээллээ.
Шинээр томилогдсон албан тушаалтнууд
-Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг,
-Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг,
-Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, З.Намхайнямбууг хилийн 0108 дугаар ангийн захирагчаар,
-Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг энэ сарын 9-өөс чөлөөлж, түүний оронд НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулах,
-Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилох
-Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга н.Сүхбаатарыг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар
– Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Уранбаярыг тус тус чөлөөллөө.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Ерөнхий сайд Замын-Үүд боомтод ажилласан. Үүний дараа Засгийн газраас тогтоол гарч, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон.
Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНХАУ-ын Гадаад хэргнийн яам, Элчин сайдын яамтай уулзаж, боомтын ачааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар уулзалтууд зохион байгуулсан. Хятадын талаас манайхыг эрүүл ахуйн дэглэм барьж, халдвар хамгааллын дэглэмийг барихыг шаардаж байна. Дайны хажуугаар дажин гэдэг шиг өдрийн тогтоосон цөөн тооны машинууд төрийн байгууллага, албан тушаалтны давуу эрхтэй байна гэж иргэд гомдол мэдүүлж байна. Үүний үр дүнд барааны үнэ огцом нэмэгдэж, хэрэглэгчдэд үнийн дарамт бий болжээ.
Дээр дурдсан байгууллагуудын алба хаагчдыг, тухайлбал хилийн мэргэжлийн хяналтын 32 албан тушаалтныг өөр орон нутгийн ажилчидтай сэлгэн ажиллуулж, өөр орон нутгаас Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллуулах шийдвэр гарсан. Мөн АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын нэр бүхий албан тушаалтнуудыг өөр орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй АТҮТ-д сэлгүүлэн ажлуулна. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч Замын-Үүд дэх гаалийн алба хаагч нарыг бүхэлд нь өөр орон нутагт ажиллаж буй алба хаагчдаар сэлгэн ажиллуулах шийдвэрүүдийг агентлагийн дарга нар гаргасан.
Одоо Замын-Үүд боомтод ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Авлига, албан тушаалын хэргийг шалгаж, холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах процесс явж байна. Одоогоор 6 хүнд хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар болсон. Энэ хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорьж шалгахаар зөвшөөрөл авсан. Цаашлаад ковидын үед Эрээн боомтоос орж ирж байгаа том оврын тээврийн хэрэгслүүдийг оочер дайруулан оруулж ирэхэд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, шан харамж авсан гэх асуудалд холбогдсон албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана” гэлээ.