Монгол Улсад өвчний тархалт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын Эрээн хотын хилийн боомт хяналтаа чангатган, гуравдугаар сарын сүүлчээр хилээ 15 хоног хаасан. Үүний улмаас өдөрт дунджаар 150-200 тээврийн хэрэгсэл нэвтэрч, ачаа бараа солилцдог уг боомтоор өдөрт 50 ачааны машин нэвтэрч байгааг мэдээлж байсан юм.
“Замын-Үүдийн боомтоор Хятад улс руу өдөрт 100 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Өмнө улсын хил дээр байсан 700 гаруй тээврийн хэрэгслийг нэвтрүүлж дууссан. Дараагаар улсын хил рүү 480 тээврийн хэрэгслийг оруулахаас сүүлийн хоёр хоногт 160 гаруйг нь нэвтрүүлээд байна. Замын-Үүдийн боомтоор энгийн үед 150-200, ачаалал ихтэй үед өдөрт 300 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан.
Хятадын талаас хязгаарлалт тогтоосноос хойш өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 20-50 байснаас 100 болж нэмэгдсэн учраас ачаалал харьцангуй багасч байна гэж хэлж болно. Гэхдээ энэ тоог нэмэгдүүлэх нь Монгол Улс гэлтгүй Хятадын хорио, цээртэй холбоотой асуудал болчихоод байгаа юм. Иймээс цаашид Замын-Үүд сумын хэмжээнд вакцины хоёр дах тунд яаралтай хамруулж, хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлавал Хятадын итгэх итгэл нэмэгдэж, тээврийн хэрэгслийн тоог хангалтай хэмжээгээр нэмэгдүүлэх болов уу гэж харж байна” гэж албаныхан мэдээлжээ.
Түүнчлэн Замын-Үүдийн боомтоор нэвтрэхийн өмнө тээврийн жолооч нарыг тусгаарлалтад байлгаж, шинжилгээ авч ажиллаж байгаа аж.