Шадар сайдын албан томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Тэрээр аймгийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүдтэй уулзаж, Замын-Үүдийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн байна.
Замын-Үүдийн авто замын боомтоор өдөрт дунджаар 350-400 орчим ачаа тээврийн автомашинууд нэвтэрдэг байсан бол Монгол Улсад коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас хилээр нэвтрэх ачаа тээвэрт хязгаарлалт тогтоож, өдөрт 100-аас ихгүй тээврийн хэрэгсэл байхаар тогтоосон юм.
Хилээр нэвтрэх ачаа тээврийн эргэлт удааширч байгаатай холбогдуулан тээвэрлэлтийн зохиомол үнийн хөөрөгдөл бий болсны уршгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн хүндрэл дарамт болж буй.
БНХАУ-ын Элчин сайдтай удаа дараалан уулзаж албан хүсэлт тавьсны дагуу өнөөдрөөс Замын-Үүдийн боомтоор өдөрт 150 автомашин буюу хоёр талдаа 300 автомашин солилцох нөхцлийг бүрдүүлжээ.
БНХАУ-ын талын зүгээс өглөө 9 цагт ачаа тээврийн автомашинуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд хил дээр бэлэн байвал өдөрт солилцох автомашины тоог нэмэгдүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн боомтоор нэвтрэх автомашины тоог нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан өглөө эртлэн ачаатай автомашины ариутгал халдваргүйжилтийн зохион байгуулалтыг сайжруулахыг үүрэг болголоо .
Мөн хилийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн эргэлт нэмэгдсэнтэй холбогдуулан үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэсэн тээврийн компаниудад хариуцлага тооцож, яаралтай хэвийн горимд шилжих лжүүлэн ажиллахыг аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагуудад даалгав.
Дорноговь аймагт хийсэн албан томилолтынхоо төгсгөлд ачаа тээврийн жолооч нарын төлөөллүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, шийдвэрлэх чиглэлээр холбогдох албаныхан ажиллахаар боллоо гэж Шадар сайдын албанаас мэдээллээ.