Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын улмаас амиа алдах хүүхдийн тоо буурахгүй байгаа тухай харамсалтай мэдээллийг замын цагдаагийн газраас мэдээлж байна. Тухайлбал, 2015 онд 54, 2016 онд 50 хүүхэд, 2017 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 47 хүүхдийн амь нас хохирч, 129 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн гэнэ.
Мөн зам тээврийн ослын улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдлын 85 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн байхад гэмтсэн хүүхдийн 64,3 хувь нь нийслэл хотод бүртгэгджээ.
Харин хүүхэд өртсөн зам тээврийн ослыг судлан үзэхэд тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ, хорооллын дотор болон хашаандаа тоглож байх үедээ, гэрээс сургууль сургуулиас гэр хүрэх замдаа томчуудын буруутай үйлдлээс шалтгаалж байх юм. Хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үед нь харгалзах хүнгүй оролцуулдаг, зорчигч хэлбэрээр тээвэрлэж явахдаа хамгаалах хэрэгсэл, зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг буруу дадал зуршлыг өөрчлөх цаг нэгэнт болсоныг замын цагдаагийн газар өнөөдөр онцолж байлаа.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлыг гол сэдвээ болгож, яриа хэлэлцүүлэг өрнүүлж, сурвалжлага мэдээллийг байнга бэлтгэж байгаа хэдий ч бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд, хамт олныг хамруулсан бүтээлч ажил буюу гарч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодит шийдэл үгүйлэгдсээр байна.
Иймээс МҮОНР-ийн Хүүхэд Залуучуудын Редакци санаачлан, Замын цагдаагийн албатай хамтарч “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяныг есдүгээр сараас 12 дугаар сарыг дуустал дөрвөн сарын хугацаанд өрнүүлэхээр уриалга гаргажээ.
Аяны хүрээнд байгууллага, хамт олон, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн санаачлагаарзам тээврийн осол, хэргийг бууруулах, хүүхдийг зам тээврийн осол, эмтлээс хамгаалах зорилгооравто зам, гудамж талбай, сургууль цэцэрлэгийн орчин, хүүхдийн аюулгүй байдлын төлөө шинийг санаачлан өөрсдийн бодит үйл ажиллагаагаараа хамтран ажиллах юм.