Тус албанаас 2017 онд Монгол улсын нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эд материалын хохирлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээгээ дүгнэж, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлэн бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа гавъяа, зүтгэлийг үнэлж Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын нэрэмжит шагналуудаар шагналаа.
Ёслолын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар нээж шагналыг гардуулсан юм.
Албандаа ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдэг, “Хүндэт жуух бичиг”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”, “Хүндэт өргөмжлөл”, “Хүндэт тэмдэг” болон бусад шагналуудаар шагналаа.
Нийт шагнал гардсан болон өргөсөн тангарагаа нэр төртэй үргэлжлүүлэх алба хаагчид тэдний гэр бүл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд хамтран ажилладаг байгууллага, хамт олон та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.