Categories
мэдээ цаг-үе

Замын цагдаад танилтай хэн ч дуут дохио ашиглаж болно

-ДУУТ ДОХИОГ 15-450 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА-

Дуут дохиог Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс олгодог. Сүүлийн жилүүдэд дуут дохио автомашиндаа суулгасан жолоочийн тоо хэд дахин нэмэгдээд байгаа. Хотын төвөөр улаан, цэнхэр, шар гэрэл асааж, дууг нь ёнгинуулсан автомашинууд урсгал сөрөн давхилддаг.

Саяхан гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар дээр дуут дохио асаан урсгал сөрөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж орж ирсэн 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн машиныг цагдаагийн албан хаагч зогсоосон. Тус машинд зорчиж явсан Ц.Баярцогт гэгч цагдаагийн өөдөөс салаавч гарган танхайрсан билээ. Улмаар иргэн Ц.Баярцогтын сууж явсан автомашин хууль зөрчин дуут дохио ашиглаж байсныг тогтоосон. Дээрх үйл явдалтай холбоотойгоор “Мөнгөтэй баян хүмүүс хуулийг уландаа гишгэж машиндаа дуут дохио суулган, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж байна. Үүнийг замын цагдаа нар огт цэгцлэхгүй байна” гэх санал гомдлыг иргэд тавих болсон. Тэгвэл дуут дохиог хэрхэн олгодог. Ямар иргэн, аж ахуйн нэгжид дуут дохио хэрэглэх зөвшөөрөл олгож байгаа талаар сурвалжиллаа.

Бид “Авто плаза”, “Да хүрээ” автомашины худалдааны нэгдсэн зах дээр очлоо. Дуут дохио худалдаалдаг лангуу дээрх хоёр газрын энд тэндгүй харагдах ажээ. Худалдагчид “Ямар өнгөтэй дохио авах юм. Дуртай өнгөө сонго. Ямар машинд тавих юм. Таван мянган төгрөгөөр шууд тавиад өгнө.

“Ланд 200” зэрэг том жийп ихэвчлэн цэнхэр юмуу, улаан гэрэл тавьж байгаа. Уул уурхайн карьерт бол шар гэрэл хэрэгтэй” гээд л тайлбарлах юм. Цагдаагийн машинд хэрэглэдэг дуут дохио гэхэд хэдэн янзаараа байна. “Жижиг тэрэгний дээр ингэж тавьдаг. Том оврын машинд ийм хэлбэртэйг тавьж болно” гэж тайлбарлав.

ЗАМЫН ЦАГДААДТАНИЛТАЙ БОЛ ХЭН Ч ДУУТДОХИО МАШИНДАА ТАВЬЖ БОЛНО

Сүүлийн үед жолооч нар ихэвчлэн лед гэрэлтэй, жийп машины урд хамарт хийдэг дуут дохио худалдан авдаг болжээ. Энэ талаар “Да хүрээ” автомашины захын худалдаачин Б.Хишигнямтай уулзаж ярилцлаа.

-Дуут дохио ямар үнэтэй байна вэ. Та жолоочийн дуут дохио ашиглаж болох тусгай зөвшөөрлийг нь шалгаж байж худалдаалдаг уу?

-Манайд зарагдаж байгаа дуут дохио 15-450 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Лед гэрэлтэй дуут дохио гэхэд 150-350 мянган төгрөгийн үнэтэй. Сонголт өргөн. Шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн үндсэн дөрвөн өнгийн дуут дохио байна даа. Борлуулах гэж авчирсан зүйлсээ зарах л үүрэгтэй болохоос зөвшөөрөлтэй хүн авна уу, зөвшөөрөлгүй хүн байна уу бидэнд огт хамаагүй.

-Дуут дохиог ихэвчлэн ямар хүмүүс худалдан авч байна вэ?

-Хоногийнхоо хоолыг яая гэж байгаа хүмүүс худалдаж авахгүй нь тодорхой шүү дээ. Дандаа л энд тэндхийн дарга, захирлууд авдаг. Хотын их түгжрэл дунд дуут дохиогоо хангинуулаад л урсгал сөрөөд давхиж чадах хүмүүс л дуут дохио авна. Дуут дохиог цагдаагаас зөвшөөрөл авч ашигладаг. Гэвч замын цагдаад танилтай л бол хэн ч байсан дуут дохио машиндаа хийчихээд явж байхад болно биз дээ. Харин уул уурхай, автозам засварын компаниуд, хамгаалалтын албаныхан өөр хэрэг. Бүгд зөвшөөрөл авчихсан байдаг болохоор аль чанартайг нь сонгож худалдаж аваад л явдаг гэв.

Дуут дохио машиндаа тавьсан жолооч нарыг хянадаг газар байдаггүй гэдгийг уулзсан хүн бүр хэлж байлаа. Замын цагдаа нар суудлын жижиг тэрэг, ачааны автомашин, хөдөө орон нутгийн дугаартай машинуудыг шалгахаас улаан, цэнхэр гэрэлтэй дуут дохио хангинуулаад явж байгаа жийпүүдийг тэр бүр шалгадаггүй. Шалгасан ч хэн нэгэн дарга замын цагдаа руу нь гар утсаараа яриад л явуулчихдаг нь өнөөгийн бодит байдал билээ. Өөрөөр хэлбэл, замын цагдаа нарт ч хүчрэгдэхээ байсан эрх мэдэл бүхий жолооч олширсон гэсэн үг.

Замын цагдаагийн газраас дээрх мэт жолооч нартай хариуцлага тооцохын тулд арга ядахдаа дуут дохионы аян зарлахад өдөрт дуу дохио зөвшөөрөлгүй тавьсан 40-50 автомашины жолоочийг торгодог гэдгийг хэлж байв. Гэхдээ энэ мэт гэнэтийн шалгалтад баригдахгүй л бол дуут дохио хэрэглэгч эрхтэн дархатнууд хотын гудамжаар огт түгжрэлгүй салхи татуулан урсгал сөрж давхилддаг байна.

“937 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ДУУТ ДОХИО АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН” ГЭВ

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс дуут дохио ашиглах зөвшөөрөл хэрхэн олгодог талаар тодрууллаа. Бидэнд тус төвөөс “2016 онд тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 966 байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу 818 байгууллага, 1819 албан тушаалтны тээврийн хэрэгсэлд олгож, зохих шаардлага хангаагүй 54 байгууллагад татгалзсан хариу өгсөн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны аравдугаар сарын 7-ны А/62 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” шинэчлэгдэн батлагдсан. Уг журмын хүрээнд 2017 оны эхний аравдугаар сарын байдлаар зөвшөөрөл хүссэн 515 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянаж үзсэнээр 420 байгууллага, албан тушаалтны 937 тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгосон. Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж зохих шаардлага хангаагүй, зөрчил гаргасан 79 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлээд байна” гэх албан мэдээлэл өгөв.

ДУУТ ДОХИОГ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУД

Ямар албан тушаал эрхэлдэг, хэний машинд дуут дохио ашиглах зөвшөөрөл олгодог талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тодруулахад “Төрийн тусгай хамгаалалтын алба, Цагдаагийн албанд хөх болон хөх улаан өнгийн дуут дохионы зөвшөөрөл өгдөг. Харин Тахарын алба, Онцгой байдал, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Уул уурхайн аврах ангид улаан өнгийн дуут дохио ашиглаж байна. Хүн, мал эмнэлгийн түргэн тусламжийн албанд ногоон өнгийн дуут дохио ашиглахыг зөвшөөрдөг. Шар дуут дохионы гэрлийг цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, уул уурхайн компаниуд, Байгаль хамгаалах байгууллага, Замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл, Ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллагын шуурхай ажлын тээврийн хэрэгсэл ашигладаг” гэв. Гэтэл сүүлийн жилүүдэд аймаг, сумдын Засаг дарга нар хүртэл дуут дохио машиндаа ашиглаж гангардаг болжээ. Гэхдээ тэд дээрх дөрвөн өнгөнөөс аль дуртайгаа тавьсан байдаг гэдгийг албаныхан онцолж байлаа.

ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ

Хууль зүйн сайдын 2013 оны 121 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, төрийн компаниуд дуут дохио ашиглах зөвшөөрөл авдаг аж. Тухайлбал, зөвшөөрөл авах хүсэлтэй иргэн байгууллага, албан тушаалтны хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн бичиг баримтын хуулбар, тээврийн хэрэгслийн фото зураг гэх мэтийг бүрдүүлж байж уг дохиог авдаг гэнэ. Харин техник үйлчилгээний болон харуул хамгаалалтын албад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг шаарддаг байна. Мөн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн урд хамар /капод/, тээшний таганд 350мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт харилцах утасны дугаар, байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл бүхий бичигтэй байх ёстой гэнэ.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *