Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор амь насаа алдаж байгаа хүүхдийн тоо гамшгийн хэмжээнд хүрчээ

Монголын нийгэмд зам тээврийн ослоор өдөр бүр хүний алтан амь эрсдэж дайны байдалтай байхад хэн ч тоохгүй байна. Сүүлийн таван жилд 5600 хүүхэд осолд өртөж 222 хүүхэд амь насаа алджээ. Хүн бүр энэ мэдээг хэвийн юм шиг хүлээн авдаг болжээ. Энэ талаар Замын цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбооноос мэдээлэл хийлээ.

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осолд 5611 хүүхэд өртсөнөөс 222 хүүхдийн амь нас хохирч, 5389 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн гэх албан ёсны тоо судалгаа бий. Эдгээрээс орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 178 хүүхэд амь насаа алдсан нь улсын хэмжээнд амь насаа алдсан хүүхдийн 80 хувийг эзэлж байгаа юм. Насны хувьд 0-7 насныхан зонхилж байна. Дээрх авто ослуудын дийлэнхи шалтгаан нь Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс үүдэлтэй байдаг. Орон нутагт Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Ховд, Төв аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн их хүүхэд амь насаа алсдан байдаг. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах чиглэлээр зөвхөн цагдаагийн байгууллага бус эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид маш чухал үүрэгтэй юм” гэлээ.

Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав “Дээрх тоо, судалгаагаар манай улс зам тээврийн ослоор амь насаа алдсан хүүхдийн тоогоор Ази тивийн хэмжээнд эхний тавдугаарт жагсаж байна. Энэ тоо бол гамшгийн хэмжээнд хүрсэн аюул болоод байна. Тиймээс энэ асуудалд төр засгийн анхаарлыг хандуулах цаг хэдийн болсон. Манай холбоо байгуулагдаад таван жил болж байгаа ба хуулийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу зам тээврийн ослоос сэргийлэх сургалт сурталчилгаа явуулж байна. Нэн түрүүнд хүүхдийг осол гэмтлээс хамгаалахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон жолоочийн хариуцлага хэрэгтэй. Иймд манай байгууллагаас жолооч нарыг жолоочийн хариуцлагын даатгалд хамруулж, гэнэтийн осол аваараас үүдсэн эд хөрөнгө, эрүүл мэндийн хохирлыг шуурхай барагдуулах чиглэлд ажилладаг. Үүний үр дүнд өнөөдөр жолооч нарын хариуцлага дээшилсэн хэдий ч цаашдын гол зорилго бол бүх жолооч нарыг хариуцлагыг сайжруулах юм. Өнөөдрийн байдлаар 500 мянган жолооч жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсанаас 15 мянган жолоочид ослын хохирол барагдуулах 8 тэрбум төгрөг олгоод байна. Замын хөдөлгөөнд жолооч бүхэн хариуцлагатай оролцвол осол гэмтэлд өртөж буй хүүхдийн тоог бууруулах боломж бидэнд бий” хэмээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *