Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэж байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн дөрөвдүгээр гудамжинд таван ханатай гэр шатаж, 12-13 настай хоёр хүү түлэгдэж бэртсэн байна. Галын дуудлага өчигдөр өглөө 07:45 цагт бүртгэгджээ. Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй очсоноор хүүхдүүдийн амь насыг аварчээ. Тодруулбал, 13 настай хүү нуруу, хөлдөө түлэгдэж гэмтсэн бол 12 наснай хүү нь зүүн мөр, баруун гар, нурууны хэсгээр түлэгдсэн байна. Гал унтраах аврах ангийнхан иргэн М-ийн таван ханатай гэр шатаж байсныг 15 минутад унтрааж, гал түймэрт өртөж бэртсэн хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ.
Мөн тухайн өдөр Хан-Уул дүүрэгт иргэн Б-гийн таван ханатай гэр шатаж байсныг алба хаагчид цаг алдалгүй унтраажээ. Золоор хүний амь эрсдээгүй байна. Иргэдийн зүгээс амралтын өдрүүдэд гэр, байшин шатсан, саун болон машины дугуй шатсан зэрэг дуудлага түгээмэл ирүүлжээ.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 7 ХҮН ГЭМТЭЖ ГУРВАН ХҮН НАС БАРЖЭЭ
Нийслэл болон орон нутагт ахуйн болон хээрийн гал түймэр, үер усны ослоос гадна зам тээврийн ослоор орон нутагт гурван хүн амь насаа алдсан байна. Тодруулбал,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт “Хотгор зам” ХХК-ийн эзэмшлийн “Грейдер” загварын автомашиныг жолоодож байсан ажилтан ухрахдаа компанийн туслах ажилтан 24 настай А-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой осол өчигдөр гарсан байна. Талийгаачийн цогцсыг Онцгой байдлын алба хаагчид аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
- Төв аймгийн Жаргалант сумын нутагт Hyundai-Sonata-7 загварын автомашин онхолдсон байна. Ослын улмаас машинд зорчиж явсан нэг хүний амь хохирчээ. Зам тээврийн осол өчигдөр орой 19.00 цагт бүртгэгдсэн байна.
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон байна. Ослын дуудлага энэ сарын 8-нд бүртгэгджээ.
Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтжээ. Тухайлбал,
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2
- Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад автомашинд мөргүүлэх-2
- Хашаа мөргөх хэлбэрээр жолооч-1
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1
- 2 автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1 тус тус бүртгэгдсэн байна.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 66, орон нутагт 38, улсын хэмжээнд 104 зөрчлийг тус тус илрүүлжээ.