Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр баг, дөрөвдүгээр зөрлөг гэдэг газарт том оврын ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины чиргүүлд нэг хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн газраас өчигдрийн 17:37 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.
Улмаар 15 км замыг туулан очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Налайх дүүргийн чиглэлд 43 тонн нүүрс тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин замын хажуу руу онхолдож, зорчин явсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн автомашины чиргүүлд дарагдаж нас барсан байжээ. 19:09 цагт цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.
Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам гэдэг газар ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарсан хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Иймд
- Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна, хэт их ядарсан үедээ жолоо барихгүй, унтаж амарч өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг хариуцаж хөдөлгөөнд оролцож буй гэдгээ ухамсарлахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.