Автомашинаар хүүхдийг аюулгүй тээвэрлэж байгаа эсэхэд тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хэрхэн анхаардаг талаарх судалгааг Тээврийн цагдаагийн алба Боса ХХК-ны Луужин судалгааны багтай хамтран энэ оны 3 дугаар сард 3250 эцэг эх, асран хамгаалагч судалгаа авахад нийт оролцогчдын 66 хувь буюу 1730 эцэг эх, асран хамгаалагч өдөр бүр хүүхдээ автомашинаар тээвэрлэн сургууль, цэцэрлэгт хүргэдэг талаар хариулжээ.
Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэхэд:
Жолооч эцэг эхчүүдийн 52% нь хөдөлгөөн эхлүүлэхдээ машинаа тойрч орчныг шалгадаг бол 72% нь хүүхдээ бууж суухад тусалсны дараа хөдөлгөөнд оролцдог байна. Эцэг, эх асран хамгаалагч нарын 51% хүүхдээ автомашиныхаа арын суудалд суулгадаг ба ингэхдээ нийт жолоочийн 37% нь машины хойд суудлын баруун талд хүүхдээ суулган хөдөлгөөнд оролцдог байна. Зориулалтын хүүхдийн суудалд хүүхдээ суулган замын хөдөлгөөнд оролцдог эсэхийг тодруулахад нийт эцэг эхчүүдийн 50% зориулалтын суудлыг ашиглаж байгаа гэж хариулсан боловч аюулгүйн бүсийг бүслүүлдэг үү хэмээх асуулгад дийлэнх буюу 49% нь “хаяа бүслүүлдэг” хариултыг сонгосон байна.
Мөн хүүхэд тээвэрлэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо зөвшөөрөгдсөн хурдны дээд хязгаар болох 80 км/цагаас хэтрүүлдэггүй гэж 56% нь хариулсан ба нийт санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх хувь буюу 41% нь зам тээврийн ослоос болж хүүхэд гэмтэх тохиолдол буурахгүй байгаа шалтгааныг “Хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох”-оос болдог гэж үзсэн байна.
Уг судалгаанаас авч үзэхэд нийт хүүхэд тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцдог жолооч нарын дийлэнх хувь нь хүүхдийг зам тээврийн ослоос Урьдчилан сэргийлж чаддаггүй болохыг харуулж байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 182 зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд гэмтэж долоон хүүхдийн амь хохирсон байна.
Нийт гэмтэж бэртсэн 196 хүүхдийн 113 нь нийслэл Улаанбаатарт 83 нь орон нутагт бүртгэгдсэн бол амиа алдсан долоон хүүхдийн нэг нийслэл Улаанбаатарт зургаан орон нутагт бүргэгдсэн харамсалтай тоон мэдээ байна. Энэ тоо жилийн эцэст хэд хүрэхийг эцэг, эх, жолооч танаас шалтгаална.