Categories
мэдээ цаг-үе

Зам хааж, ус таслахгүйгээр шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж эхэллээ

Ус сувгийн удирдах газрын Мэдээллийн технологи, автоматжуулалтын нэгжийн менежер Б.Амгалантай ярилцлаа.


-Танайд нэвтрүүлж байгаа зарим технологийг сонирхож болох уу?

-Байгууллагын хэмжээнд томоохон төслүүд зэрэг зэрэг хэрэгжээд явж байгаа. Заримаас нь дурдвал, шуудуу ухалгүйгээр шугамыг доторлох төсөл, “Мянганы сорил”-ын сангийн төсөл хөтөлбөр, Шинэ цэвэрлэх байгууламжийн төсөл гэх зэрэг ажлуудаас дурдаж болно. Хаана шинэ технологи, шинэ инноваци гарна, түүнийг нарийн судалж боломжтой бүхнийг цаг алдалүй ашиглах, хоцрохгүй байхаар ажиллаж байна.

-Шуудуу ухахгүйгээр шугам доторлоно гэхээр, жил бүр газар ухаж шугам сүлжээний засвар үйлчилгээ хийдэг байсан бол энэ процесс өөрчлөгдөж байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Жил бүр дулааны улиралд шугам сүлжээ засварын ажил гүйцэтгэхээр орц гарц хааж, зам талбай чөлөөлж, шороо овоолчихоод шугам сүлжээний засварын ажил эхэлдийг хүмүүс мэднэ. Энэ байдал өөрчлөгдөж байна. Манай байгууллагын шилдэг инженерүүд дэлхийн шилдэг технологи ашиглан, зам талбай хаахгүйгээр ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Тодруулбал, Улаанбаатар хотын хүн амыг унд, ахуйн цэвэр усаар хангадаг 619 км урт шугам сүлжээ байдаг.Энэ шугам сүлжээ нь 1959 оноос хойш ашиглагдаж 50, 60 жилийн насжилттай зэвэрч хуучирч муудсанаас болж шугамын гэмтэл саатал ихээр гарч байгаа. Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологи болох Close Fit болон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбайг гэмтээж хөндөлгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх хоёр худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлодог. Энэ технологи нь шугам ашиглалтын хугацааг нэмэгдүүлж, усны алдагдлыг бууруулж, айл өрхөд хүрч байгаа усны чанар дахь механик нөлөөг багасгах ач холбогдолтой. Нэг ёсондоо, зарим айлуудын ус хэсэг тасраад ирэхэд зэвтэй ус гардаг даа. Энэ нь цэвэр усны шугам зэвэрч муудсанаас болдог байсан. Тэгвэл одоо энэ шинэ технологийг ашигласнаар энэ нөлөө багасч, шугамын чанар сайжирч, зэвгүй цэвэр усаар хангах боломжтой гээд давуу тал их байна. Улаанбаатар хотын цэвэр усны бүх шугамыг энэ технологиор доторлож өгөхөөр төлөвлөөд байна. Цаашлаад бохирын шугаман дээр бас хийгдэнэ. Манай улс жилийн дөрвөн улиралтай. Засвар үйлчилгээ хийхэд цаг хугацааны хувьд маш их давчуу байдаг. Тиймээс тэр ахархан хугацаанд бүхнийг хийж амжуулах хэрэгтэй болдог.

-Гэр хорооллын ус түгээх худгууд 24 цагаар ажиллаж байгаа юм билээ. Худаг онгойх цагийг хүлээх шаардлагагүй болжээ?

-Энэ бас нэг дэвшил л дээ. Ус сувгийн удирдах газар гэр хорооллын иргэд, хэрэглэгчдээ цэвэр усаар тасралтгүй хангах зорилгоор “Ус түгээх байр”-нд “Ухаалаг ус түгээх төхөөрөмж”-ийг суурилуулан ажиллуулж эхэлсэн. Ингэснээр Ус түгээх байранд үйлчлэгч ажиллахгүй, иргэн өөртөө үйлчилж, цагийн хязгаарт баригдахгүй дуртай цагтаа худгаас ус авдаг болж эхэлсэн. Одоогийн байдлаар эхний ээлжинд 142 худаг дээр ухаалаг ус түгээх төхөөрөмж суурилуулан 24.00 цагаар ажиллаж эхлээд байгаа.

Гэр хорооллын худаг буюу ус түгээх байрыг ухаалаг систем холбосон эл төхөөрөмж нэг бүр нь 5-6 сая төгрөгийн үнэтэй бөгөөд цаашдаа шат дараатайгаар нэмж бүх худгуудад суурилуулахаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн онд “Хяналт удирдлагын төв” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний гэмтэл зэрэг байгууллагын бүхий л үйл ажиллагааг энэ төвөөс хянаж, горимын оновчлолыг хэрэгжүүлэн алсаас удирдах боломжтой болж байгаа гэсэн үг. Нэг ёсондоо ус хангамжийн ариутгах татуургын систем тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангах үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай үзүүлэх боломжтой болж байгаа юм. Ус хангамжийн системийн аюулгүй байдал бүрэн хангагдаж, хамгийн гол нь усны алдагдал буурч нөөцийг үр ашигтайгаар зарцуулах боломж бүрдсэн. Нөгөө талаар, иргэдэд Ус сувгийн удирдах газрын үйлчилгээ улам л ойртох боломж бүрдэж байгаа.

-Нийслэлчүүдийн хувьд стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангагдах нь нэн тэргүүний асуудал. Мөн цэвэр усны ундаргыг хамгаалах, цөөрөм байгуулах асуудал олны анхаарлыг татдаг?

-Ус сувгийн Удирдах газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам, аж ахуйн нэгж газруудыг стандартын шаардлага хангасан цэвэр усаар тасралтгүй, найдвартай, хэвийн хангах, гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх амаргүй бөгөөд өндөр хариуцлагатай ажиллаж, иргэдийн өмнө хүлээх үүргээ амжилттай биелүүлж ирсэн хамт олон. “Ус бол амьдралын эх булаг” гэж ярьдаг. Тиймээс энэ эх булгийг маш сайн хамгаалж, ундаргыг нь татруулахгүйн төлөө хичээн ажилладаг. Манай Мэдээлэлийн технологи, автоматжуулалтын нэгжийн тухайд энэ цагт дөчөөд хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бусад зохион байгуулалтын нэгжүүдийг бодвол зөвхөн нэг хэсэг газрыг хариуцах биш, нийт байгууллагын хэмжээнд бүхий л цэг салбар бүрт хүрч ажилладгаараа онцлог. Тодруулбал, манай нэгж нь байгууллагын хэмжээнд ундны долоон эх үүсвэр, дамжуулан шахах есөн насос станц, 10 усан сангийн автоматжуулалт, төв цэвэрлэх байгууламж болон бага оврын цэвэрлэх байгууламжуудын автоматжуулалт, 90 гаруй тээврийн хэрэгслийн хяналт болон программ хангамж, 142 Ухаалаг ус түгээх байрны тоног төхөөрөмж, программ хангамж, нэг цэгээс мэдээлэл авдаг 176 цэг, телеметр хяналтын 72 цэг, 20 салбарын шилэн кабелийн сүлжээ 2 салбарын агаарын сүлжээ холбооны бүтэц зохион байгуулалт ашиглалт үйлчилгээ, мэдээ дамжуулдаг 461 модем, суурин болон IP холбоо интенэт, байгууллагын бүхий л компьютер принтер сервер, 29 цаг бүртгэлийн төхөөрөмж, 1000 гаруй камер түүний сүлжээ, тусгай зориулалтын 50 гаруй программ хангамжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган хөгжүүлэн засварлан өргөн цар хүрээнд ажилладаг.

-Таныг АНУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн гэж дуулсан. Сурсан мэдсэн зүйлээ байгууллагадаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлууд юу байна?

-Би саяхан АНУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн. Ажил мэргэжлийн онцлог гэх юм уу, гудамжинд явж байхдаа ч тэр энэ улсад ус дулаанаа хэрхэн зохицуулж байгаа тухай, цэвэр усаа хэрхэн эргэлтэд оруулж байгаа тухай сонирхдог байсан л даа. Гадны улс оронд сурч мэдсэн зүйлээ инженерийн бодлогын хэлтэстэй ярьж санаа оноогоо хуваалцдаг. Хийж болохоор зүйлийг хөрсөн дээр буулгахыг зорьж байна.

Тэнд сурч байхад хамгийн үзүүштэй сонирхол татсан үзэсгэлэнгийн нэг нь жил бүрийн нэгдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотод болдог CES юм. Дэлхийн өнцөг булан бүрээс 180.000 гаруй мэргэжилтнүүд нэг дор цуглаж, өөрсдийн мэддэг салбарынхаа тухай хөөрөлдөж, шинэ гарсан техник технологийг үзэж сонирхоно. Ер нь болж өгвөл чадварлаг мэдлэгтэй инженер техникийн хүмүүстээ энэ үзэсгэлэнг үзүүлж байх хэрэгтэй гэж бодогдсон. Үнэхээр сонирхолтой. Зарим нэг шинэ технологийг хараад “Өө нээрээ ингээд хийчихэж болох байсан байна” гэсэн шийдлүүд ч байдаг. Нэг ёсондоо нүд нээгддэг гэх юм уу даа.

Өндөр хөгжилтэй улс орон гээд манайхаас бүх зүйлээрээ илүү, давуу талтай гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Мэдээж тэднээс сурч суралцах ч зүйл байна, орхих хэрэггүй зүйл ч байж л байдаг. Миний хувьд тэнд байх хугацаандаа нэгэн компанид ажилд орж хамгийн бага түвшнээс дээш зургаан шат ахиж удирдах түвшинд хүртэл дэвшиж ажилласан нь эргээд амьдралын асар том туршлага хуримтлуулсан сайхан үүд хаалгыг нээж өгсөн гэж боддог. АНУ-д хэн сайн ажиллаж чадаж байна. Тэр хүнийг урамшуулж чаддаг газар. Намайг буцах үед тус компани маань үлдээж ажиллуулахаар хүсэлт гаргаж бүх зүйлийг маань батлан даах саналыг ирүүлж байсан.

Бид мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байна. Цаг минут секундтэй уралдан технологи хөгжсөөр л байна. Мэдээж шинэ технологи тэнгэрээс нисээд ирдэггүй, тэр бүгдийг хүмүүс бүтээж байдаг. Хүссэн ч хүсээгүй ч бид өндөр хурдаар хөгжиж байгаа энэ салбарт хөрөнгө оруулж, бодлого баримталж байж л амжилтад хүрнэ. Өндөр өртгөөр хэрэгжих төсөл байхад бага зардлаар ч ашиг олж болох боломжууд энэ салбарт зөндөө байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *