Өчигдөр цахим ертөнцөөр ээж, охин хоёр зам дээр цэвэрлэгээ хийж явсан ТҮК-ийн ажилтныг цохиж, зодож буй бичлэг шуугиан тарив. Бичлэгээс харахад ээж, охин хоёр нийлж нэгэн ТҮК-ийн ажилтанг зодож байгаа нь харагдана. Хүмүүс ТҮК-ийн ажилтны талд орон ээж, охин хоёрыг буруутгах нь их байсан. Тэгвэл ийм явдал ажилчдад өдөрт хэд хэд тохиолддог аж. Иргэд хажуугаар нь өнгөрөхдөө лааз, шил сав, хогоо шидэх нь энүүхэнд гэнэ.
Тухайн өдөр 57 настай П.Эрдэнэбатыг ажлаа хийхэд нь саад болон зам дээр зогсож байсан машины эзэд гарч ирж цохиж, зодсон байна. П.Эрдэнэбат хэлэхдээ “Би ажил үүргийнхээ дагуу тэр эмэгтэйд шаардлага тавьсан. Гэтэл “чамд ямар хамаатай юм. Би зогсдог газраа, буудал дээрээ зогсож байна” гээд намайг хэл амаар доромжилж, охинтойгоо нийлээд зодсон. “Машинаа холдуул аа. Би ажлаа хиймээр байна” гэж хэлсэн хэмээн ярьсан байна.