Монголын Залуучуудын Холбооноос 2015 оныг залуусаа “БҮТЭЭЕ” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарыг “Ном”-ын сар хэмээн нэрлэж байна.
Номын сарын гол ач холбогдол нь залуусын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд мэдээ мэдээллээр хангах, тэдний хөдөлмөр эрхлэх орчныг бүрдүүлэхэд дэмжин ажиллахад оршиж байгаа юм.
Энэ сарын хүрээнд “Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний бага хурал, Их дээд сургуулийн босгыг алхан орж буй оюутан залууст зориулж “Мэдлэгээр цангасан оюун ухаан” сэдэвт лекцийн аян, Монгол Улсад суралцаж буй гадаад оюутнуудад зориулж “Wellcome to MGL” өдөрлөг, Хөдөлмөрийн яармаг, “Part time” чиглүүлэх сургалтууд явуулах, Намрын ажилтай танилцах бүтээлч аялал, Залуу хүний унших 100 номын жагсаалтыг олон нийтэд таниулан сурталчлахаас гадна Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд номын өдөрлөг зохион байгуулах гэнэ.