Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ ирэх сарын 1-5-нд Финляндын Тампере хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Скандинавын хойгт манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, 60 кг-д Ц.Цогбадрах, 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн, 84 кг-д М.Цогтгэрэл, 125 кг-д Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн, 48 кг-д Б.Чимгээ, 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Болор-Эрдэнэ, 63 кг-д Э.Дэлгэрмаа, 67 кг-д Э.Даваанасан, 72 кг-д Б.Цэцэгбаяр гэсэн 12 тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Ё.Батдархан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэрийн хамт оролцоно.
Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байжээ.