Аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби
хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ зохион байгуулагдах гэж байна.
Өнөөдөр тус тэмцээнд оролцох баг, тамирчдад хувцас хэрэглэл гардуулан
өгсөн бөгөөд олон улсын А зэрэглэлийн шүүгч Баасанжав Ууганбаатар
шүүлтийн тал дээр заавар зөвлөгөөг өглөө.
Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д өнгөрсөн оны “Майами-2014” залуучуудын
ДАШТ-ий мөнгөн медальт ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ
Цэнд-Очирын Цогтбаатар, хүрэл медальт Женко клубийн тамирчин ОУХМ
Баяраагийн Амартүвшин, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн бөх ОУХМ
Ганбаатарын Баттулга нарын бөхчүүд хүч үзнэ. Тэднийг Монголын жүдо
бөхийн холбооны дэргэдэх Жүдо Академийн багш Дамдинсүрэнгийн Батсайхан
болон Хүч спорт хорооны дасгалжуулагч Намсрайн Баатарболд нар удирдана.
Харин эмэгтэй тамирчдыг гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа
удирдахаар болжээ.
Тус тэмцээнд манай улс хамгийн өндөр амжилтаа өнгөрсөн жил үзүүлсэн
бөгөөд 1 алт, нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн түүнээс өмнө
ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медаль
хүртэж байсан бол Цэнд-Аюушийн Наранжаргал нэг мөнгө, Баттулгын Тэмүүлэн
нэг хүрэл медалийг хүртэж байсан түүхтэй.
Залуучуудын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
- 55кг: Б.Амартүвшин (Женко), Энхтайваны Ариунболд (Жүдо Академи)
- 60кг :Ц.Цогтбаатар (ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо), Г.Баттулга (Ховд)
- 66кг: Н.Мөнхбаяр (Женко),
- 73кг: Г.Балсанлүндэв (Хангарьд)
- 81кг: Б.Бат-Эрдэнэ (ОБЕГ-ын “Аврагч”), Д.Сандуйжав (Жүдо Академи)
- 90кг: Д.Цэрэнням (Хэнтий аймаг)
- -100кг: Г.Болдням (Жүдо Академи)
Эмэгтэй:
- 44кг: Г.Наранцэцэг (Женко)
- 48кг: Э.Гэрэлмаа (ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо)
- 52кг: П.Буянхишиг (Женко) , Батсүхийн Алтанцэцэг (Женко)
- 63кг: Б.Ганхайч (Спортын дунд сургууль)
- 70кг: Б.Хулан (Женко)
- +78кг: Г.Одонжаргал (Спортын дунд сургууль)
Багийн ахлагч: Б.Мөнхболд
Дасгалжуулагч:
- Д.Батсайхан (Жүдо Академи, “Алдар” спорт хороо),
- Н.Баатарболд (Хүч),
- Ш.Цэвэлмаа (Женко)