Монголын сагсан бөмбөгийн холбооны “Ниссан” дээд лигийн энэ улирлын тоглолт бэртэл гэмтэл ихтэй үргэлжилж байна.
Нээлтийн тоглолтоос эхлээд залуу тоглогчид хамгийн багадаа 3-4 долоо хоногт эдгэрэх бэртэл аваад байсан. Харин саяхан ШУТИС-ШАРКС багийн энэ улирлын гол найруулагч, оноо түүгчээр тоглож байсан Ж.Билэгт өвдөгний чагтан холбоос тасрах буюу сагсан бөмбөгчдөд тохиолддог хамгийн хүнд гэмтлийг авсан. Хүний биеийн өвдөгний ард байдаг дөрвөн шөрмөсний гурав нь ямар нэгэн байдлаар тасарч, сэмрээд зогсоогүй, яс нь цуурч, шингэн алдсан гэсэн оноштойгоор маш том мэс ажилбарт орох болоод буй. Дөнгөж 20 настай уг залуугийн хувьд мэс ажилбарт нь эхний ээлжинд 30 гаруй сая төгрөг хэрэг болоод байгаа бөгөөд хагалгааны дараа нөхөн сэргээх эмчилгээг мөн маш нямбай хийх хэрэгтэй юм байна.
Тэгвэл түүнд болон бусад гэмтэл авсан тоглогчдод туслахаар МСБХ-оос хандивын тоглолтыг зохиож байгуулж буй юм. Өнөөдөр орой 19:00 цагаас болох уг тоглолт нь 2014 онд Инчоны наадамд БНСУ-ын баг тэргүүтэй Азийн томоохон багуудыг буулган авч байсан шигшээ баг болон залуучуудын шигшээ багуудын хооронд өрнөх юм. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд Азийн түвшинд Монголын сагс гарч ирэхэд бэлэн болсон гэдгийг зарлаж байсан Инчон-2014 наадмын шигшээ багийн бүрэлдэхүүнд: Б.Билгүүн, Т.Санчир, Б.Мөнхболд, С.Өрнүүнбилэг, О.Сэргэлэн, М.Бадрах, Ш.Сэдбазар, М.Отгонмөнх, Ц.Азбаяр, Д.Дэлгэрням, Н.Батжавхлан, О.Ууганбаяр, Д.Мөнхтүвшин, П.Болортулга нарын шилдэг тамирчид багтаж дасгалжуулагчаар нь О.Баярцогт ажиллах болно.
Харин залуучуудын шигшээ багт: О.Нямбаяр, О.Хүдэрбат, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Б.Болдбаатар, Т.Их-Уул, О.Дөлгөөн, А.Энхтүвшин, О.Очирбат, Б.Эрхэс, Т.Мэндбаяр, Д.Мөнхтөр, Ш.Мөнхийн-Од, Ц.Сэргэлэнбаатар нар багтаж байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь АВТ Төв Ургац багийн дасгалжуулагч Ц.Чинзориг ажиллах юм.
Залуу тоглогчдод хандив өргөх тасалбарын үнэ энгийн суудал 5000 төгрөг, VIP суудал 10000 төгрөгийн үнэтэйгээр Спортын төв ордны төв хаалга, кассаар болон томоохон их сургуулиудаар зарагдаж эхэлсэн байна.