Гэр хороололд амьдардаг иргэд худгаас шууд халуун ус авах техник, технологийн хувилбарыг монголын залуу инженерүүд хийлээ.
Тэд туршилтаа Налайх дүүргийн I хороонд байрлах усны 4 дүгээр худагт нэвтрүүлжээ. Удахгүй тус дүүргийн 6 худагт байршуулахаар төлөвлөөд байна. Тодорхой хугацааны давтамжтайгаар нэг удаад 100 литр усыг автомат халаагчаар халааж, иргэдэд түгээх аж. Өмнө нь ус түгээх худгуудад түгээгч суух шаардлагагүй, смарт цэнэглэгч картын систем нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр иргэд цагт баригдахгүйгээр өдөр, шөнийн алинд ч худгаас ус авах боломжтой болж байгаа. Тэгвэл энэ удаад ахуйн хэрэгцээний халуун усыг гэрийнхээ ойролцоох худгаас авах боломж бий болжээ.
Иргэд смарт цэнэглэгч карт ашиглаж халуун ус олгодог худгаар үйлчлүүлэхээс гадна хүсвэл E-Mongolia цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн ухаалаг төхөөрөмжөөс авах боломжийг давхар шийдсэн байна.
Халуун ус олгодог худгийн шийдэл, зохион бүтээгчидтэй нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ очиж танилцав.
Энэ үеэр зохион бүтээгчид цаашид Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүргийн гэр хорооллын худгуудад байршуулах боломжтойг онцолжээ. Монгол залуу инженерүүдийн төлөөлөл “SEM” /Systems Enjineering Mongolia/ компанийн гүйцэтгэх захирал Г.Тулга “Бидний ажил нийслэлийн гэр хороололд амьдардаг 220 мянган өрхийн халуун, хүйтэн усны дэд бүтэц, бохирын шугамыг шийдэх эхний бодит алхам болно. Агаар, хөрсний бохирдол, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд эхний ээлжинд хувь нэмрээ оруулсан шийдэл юм” хэмээв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ санаачилгаа бодитоор хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхөд халуун ус олгох шийдлийг нэвтрүүлсэн инженерийн багтай ирэх долоо хоногт албан ёсоор уулзаж, БОАЖЯ-ны ажлын хэсэгт танилцуулуулахаар боллоо.