Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлснээр, Анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүүгийн 7073, иргэний 21420, захиргааны 791 хэрэг нийт 29284 хэрэг маргааныг шийдвэрлэж, 8460 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж 680 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1019 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1922 хүний цагдан хорих хугацааг сунгажээ.
Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 860 хэргээр буюу 13.8 хувиар, захиргааны хэрэг найман хэргээр буюу нэг хувиар өссөн бол иргэний хэрэг 15.8 хувиар буурсан байна.
Эрүүгийн хэргийн зөрчил, мэдээллийг тоймлон хүргэвэл Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг 13.8 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 10.5 хувиар өссөн байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн 6976 этгээдийн 6975 нь хүн, нэг нь хуулийн этгээд байна. 1210 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.
Хүнийг алах, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Харин хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байна.
Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ.
- Хүнийг алах гэмт хэрэг 28 хэргээр буюу 30.8 хувиар
- Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 375 хэргээр буюу 13.7 хувиар
- Хүчиндэх гэмт хэрэг 71 хэргээр 51.1 хувиар
- Дээрэмдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 29.8 хувиар
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 20.3 хувиар
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 116 хэргээр буюу 25.9 хувиар
- Залилах гэмт хэрэг 101 хэргээр буюу 49.3 хувиар өссөн байна.
Гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурчээ
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 30 хэргээр буюу 19.7 хувиар
- Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг есөн хэргээр буюу 81.8 хувиар
- Хүүхдийн эсрэг гэмт хэрэг дөрвөн хэргээр буюу 57.1 хувиар
- Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нийт 17 хэргээр буюу 41.5 хувиар буурсан байна.
Шүүхээс 3870 хүн, нэг хуулийн этгээдийг нийт дөрвөн тэрбум 46 сая,169 мянган төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29.1 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Мөн энэ оны эхний хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 232 хүнээр буюу 29.5 хувиар, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 64 хүнээр буюу 2.1 дахин, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 53 хүнээр буюу 36.6 хувиар өсчээ.