Categories
мэдээ цаг-үе

Залаажинстийн жаран жилийн зун

Билгийн улирлын зуны эхэн сарын арван. Жил жилийн эл өдөр манай Шинэжинст сумынхан нутгийн шүтээн хайрхныхаан тайлгын ёслолыг гүйцэлдүүлж, зараа үстэй, аргалийн дуутай, алтан унага савдагтай дагшин хайрхандаан тахил тавиг өргөж, адуун сүргийнхээн хишиг буяныг даллан дуудаж заншил болсон. Аргадан тайтгаруулж, хур бороо, хутаг өлзий эгээрдэг уулын маань алдар нэр Залаажинст.

Төлдөрхөн нутгаас баяртай мэдээ ирлээ. Шинэжинст суманд бороо, цас холилдон хоёр, гурван өдөр хур буулаа гэсэн чимээ чих алт болгов. Хэдхэн хоногийн урьд буюу тавдугаар сарын 16-нд өнөө зуны тэргүүн сарын арван таарсан билээ. Уул хайрхнаан тахиж тайсан манай нутгийн ард зон долоо ч хоноогүй байхад хуртай золгож дээ. Нарийн ногооны чийг гүйцэд ханасан сайхан зун ийнхүү нутагт маань даан оройтолгүй айлчилж, хүн зоны нуруу тэнийж эрээн борогт хонь адуу хэдийнэ цадах болсон нь аштай юу.

Өнөө жил Баянхонгор аймгийн Шинэжинст сумынхан жаран жилийн түүхэн ойтойгоон золгож байна. Тийм ээ. Гал бичин жилийн зун бол урьд урьдынхаас өөр, Залаажинстийнхны бүтэн жарны түүх дүүрэн зузаарсан онцлог он билээ. Анх ардын хувьсгалын дараахан Хантайшир уулын аймгийн Бай Баян-Өндөр уулын хошуу буюу Жонон вангийн хошуунд хамжлага ардуудаар бүрдсэн сум таслан байгуулж, мөнөөхөн шүтээн уулаараан овоглуулан “Залаажинст” хэмээн нэрлэж, “Ямаан дээлт” Гоонсүрэнгээр даргалуулсан түүхтэй юмсанж. Гэтэл гай болоход Баартагчингуудын хөдөлгөөн гэгч гарч, шинэ сумын удирдлагад захирагдахгүй зөрчил даамжирснаас 1932 оны үес, арав ч хүрээгүй ойтой сумыг буцаан нэгтгэхэд хүргэжээ. Харин миний дурдан буй Шинэжинст сумыг бүр сүүлд, нэгэн мянга есөн зуун тавин зургаадугаар онд, нэгдэлжих хөдөлгөөний ялалттай давхцуулан шинэ тутам сэргээн байгуулсан билээ. Тийм болохоор Шинэжинст сумын сүүлийн жаран жилийн түүх бол хэрэг дээрээн “Дэлгэрэх” нэгдлийн түүх гэхэд хилс бага болно.

1955-1956 онд манай нутагт анхны жижиг нэгдлүүд буй болж, тэдгээрийг 1958 оны аравдугаар сард нэгтгэн “Дэлгэрэх” нэгдэл хэмээх айлын өрхийг татсан нь тус сумын хөгжил цэцэглэлтэд түүхэн шинэ хуудас болсныг дурдах учиртай. Анх Эхэн Хавцгайтын аманд, (одоогийн Хар хадны лагерь орчим) сумын суурь тавихад 52 мянган малтай, нэг мянга хүрэхгүй хүн амтай байжээ. Түүхэн үүргээн биелүүлсэн “Нэгдэл гэдэг айл нэг л биш” болж, зах зээлийн харилцаа эргэлт буцалтгүй аванхайлж, 1992 онд урьдын мал хөрөнгөөн нийгэмчилж асан ардын аж ахуйтанд халаагаан өгсөн боловч эдүгээ жаран жилийн өндөрлөгөөс эргэн харвал Залаажинстийнхны хөгжил цэцэглэл, хүн ардын нь аж амьдрал байнга өөдлөн дэвжсээр өдий хүрснийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх буй заа. Одоо тус сумын ард олны аж амьдралын үндсийн үндэс болсон мал сүрэг гэхэд урьд өмнө байгаагүй хэмжээ буюу 200.000-д хүрч, 2015 оноос сум төвийн эрчим хүчинд холбогдон, зах хязгаар нутгийнханд тохиолддог гачаал бэрхшээл бүхнээс ангижирч, эдүгээ өндөр хурдны цахим сүлжээ, үүрэн холбооны операторууд бүхүй шинэ цагийн төв суурингийн зохион байгуулалтад шилжиж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уур ч таатай ивээж буйг аз зол гэхээс өөрөөр хэрхэх билээ.

Манай сумынханд хаана ч байхгүй хэд хэдэн онцлог бий. Шинэжинстчүүд бусдын царай харж суулгүй, өөрсдийнхөөн амь амьдралыг хэнээс ч дутуугүй зохион байгуулж авч явдаг, хөдөлмөрч, бие даах чадвартай улс. Зах хязгаар нутгийн, байгаль цаг уурын амар бус нөхцөлд сумын хөдөлмөрч ард зон амьдарч, бүтээж, хичээн зүтгэсээр ирсээн. Нэгдэл нийгмийн үед тус сумаас БНМАУ-ын аварга малчин П.Шүхээ, С.Галдан, П.Гомбо, С.Хорол, Ц.Гантөмөр нарын зэрэг хөдөлмөрийн сайчууд, аймаг, сумын аварга малчид тодрон гарсан бол эрдэм оюуныг эрхэм болгогч өвөг дээдсийнхээн уламжлалыг хөсөрдүүлэлгүй эдүгээ хүрснийг П. Галсан, Б. Норжванчиг, Э. Сандагдорж, М. Даваа, Б. Дармаа, Л. Жаргалсайхан, Г. Бямбасүрэн нарын зэрэг арав гаруй доктор цолтон төрсөн, түүнчлэн эмч, багш нар зонхилсон дээд боловсролтой сэхээтнүүд тус сумын айл өрх бүрээс гарсан байдгаар нотолж болно. Оюуны хувьд бие даах чадалтай сэхээтэн олноор төрдөг онцлогтой нутаг учраас бизнесийн салбарт хүч сорьж, олны танил болсон, хөрөнгө хүчээрээн гайхуулсан арилжаачин, худалдаачин, эсвэл улс төрчийг тус сумаас эрвэл харин ганзага хөнгөн буцаж мэдэх тал буй.

Залаажинст нутгийн байгалийн сайхан нь хаана ч давтагдахгүй. Бурхант, Бамбуу, Эхийн гол, Цагаан бургас, Өлзийт, Мухар задгай зэрэг говийн гоёл болсон үзэсгэлэнт баянбүрдүүд, Говийн их дархан цаазат газрын өег шим, өв сан болсон хар сүүлт зээр, хулан хавтгай, мазаалай баавгай, цөөвөр чоно, цоохор ирвэс зэрэг дэлхийд ховор амьтдыг эндээс л олж харна. Ногоон цавын хоолой, Дөш хайрхан, Дархан булаг, Цагаан хаалга, Улаан хайрхан, Зуун мод, Хүж хад гэх мэт аянчин жуулчдын сэтгэлийг соронзоддог байгалийн үзэмж төгс зэхээсүүдийг тоочиж яахин барах.

Шинэжинст сум цагаан ямаагаараан, дэлхийд хосгүй нарийн микрон бүхүй цагаан ноолуур бэлтгэдгээрээн улс оронд төдийгүй дэлхийд зартай. Ямаа гэхээр ярвайдаг хүн хааяа тааралддаг ч ямаа гэдэг малын ашиг шим, бэлчээр нутгийн онцлог, говийн бүсэд зохицсон араншин, ард түмнээн тэтгэж дэвжээж буй чанарыг энэ нутагт ирж, биеэр үзээд л ойлгох болно. Улсад хамгийн чанартай цагаан ноолууртай тус сум цагаан ноолуурын дээд үнийг “барьж” байдаг. Тун саяхан болсон дуудлага худалдаагаар “Залаажинстийн цагаан” шилмэл үүлдрийн ноолуур 67500 төгрөгт хүрч үнэлэгдсэн билээ. Хавар эрт биш, ноолуурын үнийн оргил үе буурсан одоо цагт энэ нь Монголд байхгүй ханш билээ.

Уран зохиолд мөнхөрч, ард түмний оюун бодолд сүмбэрлэсэн хилчин уул, эх нутгийн минь байгалийн харуул, ЮНЕСКО-гийн шим мандлын санд бүртгэлтэй домогт хөх сүмбэр оргил Сэгс Цагаан Богд хайрхан миний л нутгийнх. “Сэгс цагаан богд” найраглал ч бас манай нутгийн магтаал, бахархал, омогшил, алдаршил мөн. Найраглалын эх дүр болсон тэмээчин бүсгүй Надмидын Сүхбат гуай уран зохиолд мөнхөрсөн баатар төдийгүй ус нутгаан олонд алдаршуулан сурталчилсан гавьяатай тул “Алтан гадас” одон энгэртээн гялалзуулж, сумынхаан жарны намтрыг нас буянаараан баринтаглан зузаалж байна.

Улсаараа овоглосон цолтон, алдартан тус суманд цөөвтөр. Гэхдээн элчилгүй уудам говийнхоон хулан тахь мэт тэдгээр цөөн алдартан авьяастан нь цөм өөрсдийн уйгагүй хичээл зүтгэл, нөр шударга хөдөлмөрөөрөөн уг алдрыг хүртсэн малчин, сэхээтэн, багш, эмч, урлаг, спортын хүмүүс билээ. Гавьяат цолтонгүй ганцхан сум Монголд үлдсэн нь Баянхонгорын Шинэжинст гэж бас болно. Сүүлийн жилүүдэд “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” зэрэг төрийн дээд шагналаар нэлээд олон хүнийг урамшуулжээ. Эдүгээ цагт гавьяат цолтонгүй сум байна гэдэг гайхмаар ч, үнэндээн бол хүмүүс нь өөрөөн өөрсдийгөөн шагнуулах гэхээс зовдог, зарчимч, чин шударгуу, басхүү дэндүү даруу эрдэнэ мэт чанараан хадгалж үлдсэнтэй учгийг нь холбож сэтгэвэл сая үнэнд дөхнө. Сум орон нутгийн удирдах байгууллага, дарга нар нь харин санаачилгагүй, ажил хэрэгч бус хандсан байхыг энэ сэдэвт хамаатуулан хэлэхэд илүүдэхгүй буй заа.

Залаажинстийн жаран жилийн наадам ирэх долоон сарын хорьдоор болно. Одоо хэн хүнгүй хүлэг морь, хүчит бөхөөн ярьж, нутгийнхаан наадмыг зүүдэндээн зураглан, сэтгэлдээн сэрж, баяр хөөрийн наранг дотооддоон ургуулж яваа. Наадам сайхан болоосой гэх хүмүүс, жаран жаранд ч үл давтагдах жаран жилийнхээн наадмын тухай хөөрч бие биетэйгээн мэндийн зөрүүний ард энэ тухай л хөөрч суунам. Дээлээн ч солих чөлөөгүй нутгийн минь цөөн хүрэн хөгшид үе ая, цаг зүг, хурд уяа, үзэл зорил, бай бариа.. бүх юм өөрдсөнийг мэдэвч мэдэхгүй шиг, өөрсдийгөөн айраг хүртэх азтайд багтах эсэхээн бодсон ч ер бодохгүй мэт боргил зөнгөөрөөн, борог өвснийхөөн морьдыг багынхаан сурцаар уячихаад л Хотгорынхоон талд бөөгнөж, Жалангарынхаан сэрмүүн дэнж дээгүүр морьд эргэхийг саравчилж, дуран сунгаж сууцгаах буй. Нээрээн л наадам сайхан болоосой доо. Бус газраас үнэ хаяж авчирсан ачилганы адуугаар бай харж бууж мордох шинэ цагийн цээж уяачингууд, нутгийн гаралтай хэдэн аймаг, улсын цолтнууд бусдыг баахан чирэгдүүлж буулгуулж, бөхийн наадмыг хөгийн найраа болгодог явуулын бизнес, нэргүй цол горилоочингуудыг одоо манай нутгийнхан жарныхаан түүхэн наадмаар ул дол болгон хармааргүй байгаа шүү.Тэгш ойн түүхэн наадмын сонинг наанадаж дараагийн наадам хүртэл, цаашлаад бүтэн арванаар дурсах болно. Ном түүхнээ тэмдэглэж үлдээх нь зайлбаргүй. Түүнд нэр усаан дорд, базаахгүйгээр тэмдэглүүлье гэж хэн хүсэхсэн. Тэр түрүүллээ, энэ айрагдлаа гэхээсээн “Наадам сайхан боллоо” гэсэн гэгээн яруу тайлал л Залаажинстийн жаран жилийн маргааш хөлтэй наадмын дов Хотгорын хондон талыг цэцэг мэт цэлмээж, ирээчин яваачингуудын үдэл угтал -Эхэн Хавцгайтын хөндийг өгсөн уруудан дуулиалж үлдээсэй. Нутгийн маань түүхэн наадам хаяа хатгаж буй энэхэн цагт, морь унаж өссөн монгол хүний хувьд нэгэн саналаан уншигч танд хуваасу, би. Наадмаар бүгдээрээн морион барьцгааж, хятад “яав” үл зайдалж, ирсэн зочдынхоон тос, тоос болсон төмөр хүлэгсийг хашаа хашаандаан түр амрааж, дэлийг нь зассан морьдоон тэдэндээн зориуд зэхэн бэлтгэж, дээлээн өмсч ялгаръя гэж уриалах гэсэн юм.

Насны шүтээн ууландаан очиж мөргөх, овоонд нь чулуу нэмэх хувь энэ нутагт хүй бой нь арилсан хэн бүхэнд энэ зун, ирэх наадмын үеэр эрхэм чухаг зорил байх нь дамжиггүй. Шил сав битгий орхиорой. Уул овоондоон гарсан үедээн дагшин биен дээр нь шингэн мөр үзэж бүү буртаглаарай. Моторт хүлгээрээн хөрс арьсыг нь үрж ярж сэтгэлийн нандин хайрхнаан бүү шалбалаарай гэж гуйж байгаа юм шүү.

… Ирж яваа, ирэх цагийн үрстээн шинэ цэцэрлэг барьж, шинэ цэнгэлдэх хүрээлэн ч байгуулж, Шинэжинст сум маань угтах зочноон тосох босго баганатай болж, мод тарьж, айл өрхүүд гудам хашаагаан будаж гоодон, сум даяараан ойдоон бэлтгэн цэмцийж буй дуулдана.

Сумын жаран жилийн ойтой хамт есөн жилийн дунд сургууль, эрүүл мэндийн төв бас жарны түүхээн дүүргэж буйг дурдсу. Тийм болохоор Залаажинстийн эрдмийн өргөөний үүд хаалга энэ өдрүүдэд өргөн үүдээн цэлийтэл нээж, өндөр их босгоон буулгаж, үе үеийн төгсөгчид, ахмад буурлууд, эрдмийн эзэд болсон багш нар, жаран замнасан сургуулийнхаан нэрийн хуудас болсон сааршгүй сайхан бичигтэн төгсөгчдөөн урин залж, эрүүл энхийг бэлэглэгч эмч, эмнэлгийн ажилтнууд нь хүн ардынхаан эсэн мэндийн манаанд зургаан арванаар завсарлагагүй зогссон түүхэн гавьяагаан тодолж байгаа.

Эхэн Хавцгайт. Энэ бол манай сумын төвийн нэр. Шинэжинстийн төрөх тасагт мэндэлсэн хүүхдүүд цөм ийм бүртгэлтэй гэрчилгээ өвөрлөдөг. Ижийгээс төрж, ээж аав гэж хэлд орж, эх орноон таньж хөлд орсон эндхийн үр сад бүхний эхлэл нь Эхэн Хавцгайт. Эргэж буцдаг жамтай хүмүүний орчлонд бас эцэст тэмүүлэх цэг нь аав, ээжийн нь амь амьсгал шингэсэн Эхэн Хавцгайт байх, Залаажинстдээн л залуулах тийм жам заяатай…

Хувь тавилангаар онож төрсөн тоонот нутаг тань таныг залж, даллаж байнам. Эхэн Хавцгайтдаан эргэж нэг золгоцгооё.

Залаажинстийн жаран жилийн зун айсуй

Жаранд нэг тохиох миний нутгийн наадам айсуй

Б. Элбэгзаяа-Монгол хэл бичиг судлаач-багш, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *